Монгол, БНСУ-ын хамтарсан ховор металлын судалгааны төвийн нээлт өнгөрсөн баасан гарагт боллоо. Ховор металлын эрэлт, хэрэгцээ эрчимтэй өсөж, геологи хайгуулыг нь нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа энэ үед уг судалгааны төвийг Монголд анх удаа ийнхүү байгуулжээ. Ингэснээр өндөр технологийн түүхий эдийн боловсруулалтын технологийг хөгжүүлэх, нутагшуулах, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулах боломж бүрдсэн байна. Улмаар хоёр улсын эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн ажлын үр дүнг өндөр түвшинд хүргэх хүчин чадалтай сүүлийн үеийн тоног төхөөрөмж, олон улсын стандартад нийцсэн тохижилт бүхий лабораторийг ашиглалтад оруулсныг АҮЭБЯ-наас мэдээлэв. Дээрх төвийн бүтээн байгуулалтыг хоёр жилийн өмнөөс буюу 2023 оноос хэлэлцэж, эхлүүлсэн бөгөөд БНСУ-ын 24 тэрбум орчим төгрөгийн буцалтгүй тусламжаар, тус улсын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац (KOMIR) ажлыг нь гүйцэтгэжээ. Мөн тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам, Дэвшилтэт технологийн болон Геошинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн зэрэг байгууллага дэмжин ажилласан байна.
С.Дулам