Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрнуудад хяналт, шалгалт хийж эхэлжээ. Үндэсний статистикийн хорооноос 2021 онд гаргасан судалгаагаар улсын хэмжээнд нийтийн 1500 орчим байр үйл ажиллагаа явуулж байжээ. Харин өдгөө хотын хэмжээнд ийм 760 байр бүртгэлтэй байна. Өнгөрсөн хоёрдугаар сард мөн төлөвлөгөөт хяналт, шалгалт хийсэн бөгөөд цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр нийтийн байрнуудад гэмт хэрэг, зөрчил их гардаг гэнэ. Үүний дотор гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллүүд түлхүү бүртгэгддэг аж. Иймд эдгээр байрны орчин нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангаж буй, эсэх, галын болон цахилгааны аюулгүй байдал зэргийг тогтмол шалгах шаардлагатайг албаныхан хэлсэн. Хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн 760 байрны 20 нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй, үлдсэн нь иргэний эзэмшлийнх гэв.
Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийтийн нэг байранд дунджаар 10 айл оршин суудаг. Хамгийн олон нь 68 айлтай, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байна. Эндхийн нийтийн байрнуудын амьдрах орчин нөхцөл харьцангуй сайн. Харин жижиг байрнууд асуудал ихтэй хэвээрээ байна. 760 байрнаас хоёр хувь нь л төвийн шугам сүлжээнд холбогдсон, 52 хувь нь нүхэн жорлонтой бол үлдсэн нь стандарт хангасан ариутгах татуургын ариун цэврийн өрөөтэй. Олон хүн амьдардаг нийтийн байрнууд хөрс болон гүний усыг ч их бохирдуулдаг. Өнгөрсөн жилийн хяналт, шалгалтын үеэр нийтийн байрнуудад түү хий нүүрс түлж байсан тохиолдлууд ч гарсан. Энэ оноос шахмал түлш, хагас кокс хэрэглэж байна” гэлээ.