Угаарын хийд хордсон хүмүүст үзүүлэх тусламж, үйлчилгээ эрүүл мэндийн байгууллагын ачааллыг нэмээд багагүй хугацаа өнгөрч буй. Иргэд угаартан, эрүүл мэндээрээ хохирч, улмаар амиа алдсан харамсалтай явдал өдөр бүр л гарах болсон. Өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 15 хүртэлх хугацаанд нийт 243 хүн угаарын хийд хордож, нэг иргэн нас барсан байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 1-28-ны хооронд нийт 182 иргэн угаартжээ. Үүнээс хамгийн олон буюу 82 нь Сонгинохайрхан дүүргийнх. Угаартсан шалтгааны дийлэнхийг зуухны битүүмж алдсан, пийшингээ хөөлөөгүй, яндан нь гэмтсэн байснаас үүдсэн гэж үзэж буй. Мөн 36 өрх угаарын хий мэдрэгчгүй байж. Харин энэ сарын 1-15-ны хооронд нийт 61 иргэн угаартаж, нэг хүн нас барсан байна. Мөн л зуухны битүүмж алдагдсан, угаарын хий мэдэрчгүйн улмаас хорджээ. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд өнгөрсөн сард угаарын хийтэй холбоотой 24 663 дуудлага ирсэн бол энэ сар гарснаас хойш буюу өчигдрийн байдлаар 15 397 дуудлага бүртгэгдсэн байна.
Ташрамд, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд өчигдрийн байдлаар агаарын бохирдол маш их буюу агаарын чанарын индекс 480-д хүрчээ. Энэ нь удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл илрэх хэмжээ юм. Мөн Сүхбаатар дүүргийн Дамбадаржаад агаарын чанарын индекс 238, Баянзүрхийн “Шархад” орчимд 256 буюу бохирдолтой байна.
Ч.Цэлмэг