УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэв. Уг албан тушаалд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг нэр дэвшүүлж, УИХ-ын сонсгол зохион байгуулсан. Түүнийг энэ салбартай ойр ажилласан хүн хэмээн олонх гишүүн үзэж байв. Тэрбээр Монголбанкийг Засгийн газрын даалгавраар биш, бие даасан, ил тод зарчмаар ажиллуулна гэдгээ хэлж буй юм. Тэгвэл АН-ын дарга О.Цогтгэрэл арай өөр байр суурьтай байлаа. Тэрбээр “Монголбанкны ерөнхийлөгчөөр бие даасан, хараат бус байдлыг хангах, мэргэжлийн гэсэн хоёр шалгуурыг хангасан хүн томилох ёстой. С.Наранцогт эдгээр шаардлагад нийцнэ гэдэгт эргэлзэж байна. Сүүлийн 10 жилд хэдэн ч яам, төрийн өмчит компани сольсон юм. Энэ бүхэн чинь улс төрийн томилгоо. Ийм хүн хараат бус байдлаар ажиллахад хүндрэлтэй санагдаж байна. Засгийн газар тэлэх бүрд Монголбанк эвлэрч ажилласаар эдийн засаг өнөөдөр хүнд боллоо. Бодлогын хүү 12 хувьтай, үүний цаана арилжааны банкнууд Төвбанкнаас 12 их наяд төгрөгийг сул авчихаад, жилд 1-2 их наяд төгрөгийн хүүгийн орлого олоод сууж байна. Уг нь энэ мөнгө бизнестээ очих ёстой шүү дээ” гэлээ. Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн учраас УИХ-ын дарга шийдвэрээ хамгаалж, “Энэ бол улс төрийн томилгоо биш. Төрд бэлтгэгдсэн мэргэжилтэн учраас нэр дэвшүүлсэн. Анкетыг нь харахад сонгуулийн дөрвөн жилийн циклээр солигдож, яамдад ажилласан байна. Аль ч нам эрх барьсан үед чадвараараа тэнцээд ажиллажээ. Ер нь манай улсын хүний нөөц хүнд болж байгаа шүү. С.Наранцогт хоёр долоо хоногийн турш нийгмийн шүүмжлэл, доромжлолыг даваад орж ирж байгаа. Үүнийг давж гарах хүн ховор, хүнд даваа” гэв.
Чөлөөлөгдөж буй ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уржигдар Монголбанканд шинэ томилгоо хийж, 60 гаруй хүний орон тоо нэмсэн тухай гишүүд ярьж, “Ажлаа өгөхийн өмнө ингэж болдог юм уу” гэж байв. Монголбанк хараат бус гэдэг нэрийн ард орон тооны дээд хязгаараа батлуулдаггүй, дураар авирладаг хэмээн П.Сайнзориг шүүмжлээд, хэтэрсэн олон орон тоог цэгцлэхийг нэр дэвшигчээс хүссэн. Эдүгээ Төв банк 700 гаруй ажилтантай болсон нь 5-6 яамны орон тоотой тэнцэж буй аж. Нэр дэвшигч үүнд анхаарч, цэгцэлнэ гэдгээ хэлнэ лээ. Мөн ямар нэг банканд хувьцаа эзэмшдэг, эсэх, ББСБ-тай юу гэдгийг Б.Түвшин гишүүн асуухад “Үгүй, ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй” гэж хариулсан.
Улмаар гишүүдийн олонхын саналаар С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо.
С.Уул