Шатахууны хомсдол үргэлжилсээр байгаа асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өчигдөр мэдээлэл хийв. Тэд улсын хэмжээнд шатахууны хэрэглээ өссөн учраас, хомсдол үүссэн гэлээ. Манай улс сард 65 000 орчим тонн шатахуун хэрэглэж байсан бол сүүлийн саруудад 80 000 болж өссөнөөс үүнийг хангах бүтээгдэхүүн импортолж чадахгүй байгаа гэнэ. Түүнчлэн 50 компани импортын тусгай зөвшөөрөлтэй байсан бол зөвшөөрлийн шаардлагыг бууруулснаас 180 болж нэмэгдсэн юм байна. Гэтэл эдгээрээс нөөцлөх савтай аж ахуйн нэгж ердөө 20 байна гэлээ. Импортлогч компаниуд бүтээгдэхүүн нөөцлөхгүй, шууд уул уурхайн компаниуд төвлөрсөн бүс рүү нийлүүлж буй тул Улаанбаатарын иргэдийн хэрэгцээ хангагдахгүй үлдэж байгааг дээрх яамныхан дурдлаа.
Цаашид шатахуун нөөцлөх савтай болоход аж ахуйн нэгжүүд анхаарах ёстойг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд онцлоод иргэд, аж ахуйн нэгжүүд шатахуун бүрмөсөн дуусна гэж санаа зовж, их хэмжээгээр худалдан авахгүй байхыг санууллаа.