Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж, иргэд нийгмийн сүлжээнд бухимдлаа илэрхийлсэн билээ. Тэгвэл тус компаниас мэдэгдэл гаргаж, хэрэглэгчдээсээ уучлал хүссэн байна. Ингэхдээ гашилсан, муудсан бүтээгдэхүүнийхээ савыг худалдан авсан дэлгүүртээ өгч, шинээр солиулаарай гэв. Мэдэгдэлд “Сүү” ХК нь хэрэглэгч дийнхээ эрүүл мэнд, итгэлийг ямагт нэн тэргүүнд тавьж ажилладаг бөгөөд үүссэн нөхцөл байдалд чин сэтгэлээсээ хүлцэл өчье. Цаашид хадгалалт, чанар, хяналт, үйлдвэрлэлийн тогтолцоог улам сайжруулж, ижил төстэй асуудал дахин гаргахгүй байхад онцгой анхаарна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, бидэнтэй үргэлж хамт байдаг эрхэм хэрэглэгчдэдээ гүнээ талархал илэрхийлье” гэсэн байв.
Үйлдвэрийн агуулахын температурын горимд техникийн доголдол гарсны улмаас “Миний Монголын сүү” зэрэг бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлснийг тогтоожээ. Иймд “Сүү” компанийнхан ялангуяа энэ сарын 13нд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг зах зээлээс эргүүлэн татаж, иргэдийн санал, гомдлын дагуу хохиролгүй болгох арга хэмжээг шуурхай зохион байгуулж буй аж. Мэдэгдэл гаргасны дараа иргэд “Сүү гашилж л байвал эко гэсэн үг шүү дээ. Үндэсний үйлдвэрийнхээ сүүг авсаар байх болно”, “Хариуцлагаа ухамсарласанд баярлалаа. Гашилсан сүү гээ ээдүүлээд, хэрэглэчихсэн” гэх мэтээр эерэг сэтгэгдэл үлдээжээ.
М.Гэгээ