Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр хорооны ажлын тайланг сонсож, гурван өдрийн сонсголын үр дүнд боловсруулсан тогтоолын төслийг батлах, эсэхийг хэлэлцлээ. Түр хорооноос зохион байгуулсан сонсголд нийт 300 хүнийг гэрчээр дуудаж, 94 мянган хуудас баримт, материал цуглуулсан билээ. Тэгвэл үүнээс 400 хуудас бүхий хоёр тайлан боловсруулж гаргасан аж.
“Оюутолгой” төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх, өнгөрсөн 16 жилийн хугацаанд гаргасан шийдвэр, гэрээнд ямар өөрчлөлт оруулах талаар өөрсдийн саналаа тогтоолд тусгамаар байна гэсэн саналыг гишүүдийн зүгээс гаргав. Дээр дурдсан 94 мянган хуудас баримт бичгийн тал хувь нь байгууллагын нууцын тамгатай байсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл гишүүн Х.Тэмүүжин “Дэлхий нийтээрээ парламент нь энгийн хяналт шалгалтаар илрүүлж чадахгүй зүйлийг мэдэхийн тулд мөрдөн шалгах түр хороо байгуулдаг. Гэтэл мөрдөн шалгах гэдэг үгээс тойрч зугтаад, хянан шалгах түр хороо гэсэн. Уг нь мөрдөн шалгах гэсэн тодотголтой байсан бол мэдээлэл гаргаж өгөхгүй байгаа байгууллагад нэвтэрч ордог тусдаа парламентын прокурор, бие даасан шинжээч томилж болдог. Хэрэв мэдээлэл нууцтай холбоотой, эсвэл хаалттай бол парламент уг ангиллаас гаргах эрхтэй. Гэвч хянан шалгах гэдэг үг хэрэглэсэн учраас мэдээллийг бүрэн авч чадсангүй. Зөвхөн ил байгаа мэдээллээр сонсгол зохион байгуулсан учраас бүрэн байж чадах уу” гэсэн байр суурь илэрхийлэв. Мөн гишүүн П.Ганзориг “Уг түр хороонд нам намын төлөөлөл болсон 11 гишүүн ажилласан. Ганцхан О.Батнайрамдал ажил хийсэн мэт хандах хэрэггүй. Түр хороо өнгөрсөн хугацаанд 13 удаа хуралдахад би 100 хувь ирцтэй оролцож, бүх материалыг судалж, ажилласан” хэмээв.
Гишүүдийн саналаар дээрх тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээр болов. Уг төслийг баталснаар түр хорооны үүрэг дуусгавар болох юм.
С.Уул