Засгийн газраас агаарын тээвэр, эрчим хүч, уул уурхайн чиглэлийн төрийн өмчит 18 компанийн засаглалыг өөрчилж, хувьцаат болгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан эл шийдвэрийг ил тод, хариуцлагатай, ажилтнуудын нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг хангасан байдлаар гаргахыг МҮЭХноос өчигдөр шаардлаа. Төрийн өмчийн 26 аж ахуйн нэгж, үйлдвэрийн газарт 30 000 орчим хүн ажиллаж буй аж. Хэрэв засаглын болон бүтцийн өөрчлөлт хийх бол эдгээр ажилтан, тэдний цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг зохистойгоор шийдэн, шийдвэр гаргагчид болон эрх ашиг нь хөндөгдөж буй талууд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэх ёстойг МҮЭХны ерөнхийлөгч Э.Тамир дурдсан. Мөн нээлттэй хувьцаат компани болгох тохиолдолд ажилчдад нь хувьцаа олгох давуу эрх эдлүүлэх нь зүйтэй гэв. Ялангуяа улс орны амин чухал салбар болсон эрчим хүч, дулаан хангамжийн асуудалд болгоомжтой хандах, мөн тус салбарт ажиллаж буй 10 000 орчим хүний эрх ашгийг хамгаалах ёстойг Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос онцоллоо. Улмаар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, техник, технологийн шинэчлэл хийж, ажилчдын нийгмийн баталгааг бүрдүүлсний дараа хувьчлах хэрэгтэйг уламжилсан.
С.Дулам