Шатахууны үнийн өсөлт, хангамжтай холбоотойгоор өчигдөр АҮЭБЯ-наас мэдээлэл хийв. Уржигдар буюу 22-23- нд шилжих шөнө зарим шатахуун түгээс станц бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж, АИ-92 литрийг нь 3080-3090 төгрөгөөр зарж эхэллээ хэмээн иргэд шүүмжилсэн. Энэ талаар АҮЭБЯны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай “Зарим шатахуун түгээх станцад АИ-92 дууссанаас “Евро-5” стандартын бүтээгдэхүүн борлуулж эхэлжээ. Энэ нь арай өндөр үнэтэй. Гэхдээ бид хүссэн, хүсээгүй “Евро-5” стандартын буюу “Евро-92”-ыг хэрэглэж эхлэхээс өөр аргагүй болсныг анхаарах хэрэгтэй. Иргэдийн амьдрал хүнд байгааг харгалзан “Евро-2” стандарттай АИ-92- ыг хямд үнээр худалдан авч, хэрэглэж ирсэн. Гэтэл Бээжин хотынхон “Евро-6” стандарт руу шилжээд удлаа. Агаарын бохирдол, иргэдийн эрүүл мэндээ бодож бид чанартай, илүү цэвэр түлшийг бодит үнээр нь хэрэглэх шаардлага үүсэж буй. Өнөөдөр (өчигдөр) 2500 тонн шатахуун бууж байгаа учраас орой гэхэд иргэдийн дараалал харьцангуй багасах байх. Бид ачааллаа зохицуулж, түгээлтийг жигд болгохоор ажиллаж байгаа” гэлээ. Ташрамд дурдахад, АИ-92 нэг литр нь 2590 төгрөгийн үнэтэй байна. Харин “Евро-92”-ын ханш литр нь 2920 байсныг 3080-3090 төгрөгт хүргэж үнийг нь нэмлээ хэмээн иргэд гомдоллож буй юм.
С.Дулам