Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд болон зарим албан тушаалтан Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны үйл ажиллагааны тайлантай танилцсаныг тус яамнаас мэдээллээ. Тухайлбал, АМГТГ нь өнгөрсөн онд орд ашиглах шинэчилсэн гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангасан байна. Мөн төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын төлбөрийн орлогыг 62 хувиар давуулан биелүүлсэн аж. Түүнчлэн 192 талбайд сонгон шалгаруулалт зохион байгуулж, хайгуулын 113 тусгай зөвшөөрөл олгон, ажил, үйлчилгээний орлогоос улсад 136 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүнээс гадна дээрх газар нь 2025 онд нийт 13 зорилгын хүрээнд 37 зорилт, 83 арга хэмжээний гүйцэтгэлийн тайлан, орлогыг төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхээр төлөвлөснөөс 93.6 хувийг нь хийж гүйцэтгэсэн гэнэ. Цаашид төрийн албадын уялдаа холбоог сайжруулах, орон нутагт хайгуул, олборлолт хийхтэй холбоотойгоор уул уурхайн салбарын талаарх үнэн зөв мэдээллийг иргэдэд өгөх хэрэгтэйг АҮЭБЯ-наас зөвлөжээ.
С.Дулам