Монгол Улсын гадаад худалдааны өнгөрсөн сарын үзүүлэлтийг ГЕГ-аас танилцууллаа. Тухайлбал, 2025 оны арванхоёрдугаар сард манай улс экспортын бараа, бүтээгдэхүүнээс хоёр тэрбум ам.доллар олсон нь түүхэн дээд түвшин юм. Эрдэс бүтээгдэхүүний экспортын 37 хувийг зэсийн хүдэр, баяжмал, 35.4 хувийг чулуун нүүрс, 7.9 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж байна. Өнгөрсөн оны эхний 12 сард чулуун нүүрсний экспорт 83.9 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.6 хувиар өссөн бол алтных 10.8 тонн болж, 6.9 хувиар буурчээ.
Импортын гол нэрийн бараа, нефтийн бү тээгдэхүүн, суудлын болон ачааны автомашины нийлүүлэлт тус тус буурсан үзүүлэлттэй байна. Харин импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн буюу өтгөрүүлсэн, хуурай сүү, өндөг, улаан буудай, хүнсний ногоо жигд өссөн байв. Түүнчлэн импортоор нийт 11.3 тэрбум ам.долларын бараа, түүхий эд нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.6 хувиар буурсан үзүүлэлт аж.
Д.Хэрлэн