АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх өнгөрсөн долоо хоногт бүртгэсэн. Тиймээс намынхаа бүтэц, зохион байгуулалтыг хууль, үндсэн дүрэмдээ нийцүүлэхийн тулд бүх шатны дотоод сонгууль явуулахаар тус намынхан бэлтгэж эхэлжээ. Энэ сонгуулийн хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны удирдлага, төлөөлөл, Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүд болон бусад албан тушаалтныг тодруулах юм.
Гэхдээ дотоод сонгуулийн болон ҮБХ-ны хуралдааны товыг Удирдах зөвлөлөөс тогтоох нь. Уг зөвлөл ойрын хугацаанд хуралдахаар төлөвлөсөн байна. Хэдий тийм ч ҮБХ-ны хуралдааныг ирэх гуравдугаар сард хийнэ гэсэн мэдээлэл бий.
АН-ын төлөөллийн төв байгууллага болох ҮБХнд элсэх нь тус намын гишүүдийн хувьд чухал алхам болдог. Учир нь ҮБХ-ны гишүүн л УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх эдэлдэг. Тиймээс дотоод сонгуулийн сургаар тус нам дотор хөдөлгөөн, өрсөлдөөн өрнөөд эхэлжээ. Зарим аймаг, дүүрэгт үүрийн болон ХЭГ-ын дарга нарыг дүрмийн бусаар өөрчилж, чөлөөлсөн тохиолдол ч гарсан байна. Дүрмийн бус өөрчлөлтөө цэгцлэх үүргийг тухайн аймгийн удирдлагад өгчээ.
Тус намын ҮБХ 360 гишүүнтэй бол шинэ дүрмийн дагуу тоог нь 504 болгон нэмэхээр болсон аж.
С.Уул