Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) дэлхийн 60 мянга орчим сургуулиас чансаагаараа 1237-д эрэмбэлэгдээд буйгаа өчигдөр мэдээллээ. Энэхүү “RUR World university rankings” жагсаалтыг Харвардын их сургууль тэргүүлдэг бөгөөд манайх 1237-д эрэмбэлэгдэх болсон нь чамлахааргүй, чанартай сургууль гэдгийг илтгэх үзүүлэлт гэв. Эрэмбийг сургалт, судалгаа, олон улсын харилцаа, санхүү гийн тогтвортой байдал зэрэг 20 үзүүлэлтийг нэгтгэн гаргадаг байна.
АШУҮИС нь бүрэлдэхүүн найман сургуультай, жилд дунджаар 3800 орчим оюутан төгсгөдөг, 789 багш, ажилтантай. Энэ хичээлийн жилд 16 555 оюутан суралцаж байгаа аж. Сүүлийн үед орон нутаг дахь гурван салбар сургуулийнхаа сургалтын чанар, орчныг сайжруулахад бодлогоо чиглүүлэн ажиллаж буйгаа АШУҮИС-ийн ректор, доктор, профессор Б.Дамдиндорж хэлсэн. Тус сургуулийг дэлхийд ийн дээгүүр үнэлэх болсны бас нэг шалгуур нь түшиц эмнэлгийн хүчин чадалтай нь холбоотойг ч тэрбээр дурдсан. Их сургуулийн харьяа Монгол, Японы эмнэлэг нь тусламж, үйлчилгээнээс гадна боловсрол, эрүүл мэндийн хосолсон сургалт явуулж, судалгаа, эрдэм шинжилгээ, инновац хөгжүүлдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, анагаахын боловсон хүчнийг цогцоор нь бэлтгэхэд сургууль өөрийн эмнэлэгтэй байх нь хамгийн чухал бөгөөд энэ чиглэлийн сургалтыг эмнэл зүйтэйгээ хэрхэн хөгжүүлж буйгаас тухайн улсын эрүүл мэндийн салбарын чанарын суурь үзүүлэлт тодорхойлогддог гэнэ.
Ташрамд, тус сургуулийнхан 2025 оноос мэргэшсэн англи хэлтэй, хүний их эмч төгсгөж эхэлжээ. Мөн эл мэргэжлийг зөвхөн бакалавраар төгсгөдөг байсан бол өдгөө магистрийн хөтөлбөрөөр сурган, анхны 47 төгсөгч ирэх хавар дипломоо гардах аж. Үүнээс гадна АШУҮИС-д жил бүр гадаадын олон орны оюутнууд элсэн суралцдаг болжээ.
О.Оргилох