Монгол орны нийт нутгийн 77 хувь нь цасан бүрхүүлтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр мэдээллээ. Цасан бүрхүүлийн хэмжээ өнгөрсөн арав хоногийнхоос гурван хувиар өссөн юм байна. Цасны зузаан Увс аймгийн Ховд, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат сумд хамгийн их буюу 31-40 см-т хүрчээ.
Мөн тус газраас ойрын өдрүүдэд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар салхи шуургатай байхыг малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулав. Ирэх амралтын өдрүүдэд аялал зугаалга төлөвлөж буй бол түр азнахыг мөн зөвлөсөн. Учир нь монгол цаг тооллын гурав, дөрвөн есийн хүйтэн өдрүүд “морилж”, 15-22 хүртэл нийт нутгаар тэнгэр хангай тогтворгүй байх нь. Тэр дундаа ирэх бямба, ням гарагт хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө -30-45, өдөртөө -29-31 хэм хүрч хүйтрэх төлөвтэй.
М.Гэгээ