Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоног тутам хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээ танилцууллаа. Монгол орны хэмжээнд нийт нутгийн 77 хувьд цастай байснаас хамгийн зузаан нь Увсын Ховд, Цагаанхайрхан, Завханы ЦэцэнУул, Баянтэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат сумд 31-40 см-т хүрчээ. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногийнхтой харьцуулахад гурван хувиар нэмэгдсэн аж.
Харин ОБЕГ-ынхан зудын эрсдэлд үнэлгээ хийхэд Увсын Хяргас, Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Түргэн, Малчин, Цагаанхайрхан, Ховдын Алтай, Үенч, Завханы Цэцэн-Уул, Тэс, Баянтэс, Эрдэнэхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Өвөрхангайн Уянга, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянгол, Сант, Төгрөг, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Бүрд, Булганы Хангал, Баяннуур, Сэлэнгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Орхонтуул, Хушаат, Түшиг, Орхон, Хүдэр, Ерөө, ДарханУулын Хонгор, Төвийн Зуунмод зэрэг есөн аймгийн 36 сум цагаан зудтай байжээ. Мөн 16 аймгийн 54 сум зудархуу гэж үнэлэгджээ. Тус үнэлгээг цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулан гаргасан байна.
Иймд хүйтний оргил өдрүүдээр малаа ойрын бэлчээрт энгэр ээвэр, нөмөр газраар бэлчээх, аль болох бэлчээрт гаргахгүй тэжээх, тэжээлийн хэмжээг ихэсгэж, хужир, шүү нэмж өгөхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Э.Сүйлэн