Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Улиастайн Майхантын аманд орон гэргүй болон эмзэг бүлгийн иргэдэд зориулсан Нийгмийн хамгааллын тусгай төв барьж, ашиглалтад оруулжээ. Сургалт, хүмүүжлийн зориулалт бүхий тус төв нь дөрвөн давхар, зоорийн хэсэгтэй, нийт 2368.8 ам метр талбайтай. Зорилтот бүлгийн 200-250 иргэнийг нэг дор сурган хүмүүжүүлж, нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэхийн сацуу хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар нь дэмжсэн үйлчилгээний цогц төв байхаар барилгыг төлөвлөсөн байна.
Улсын төсвийн хөрөнгөөр барьсан энэхүү төв нь зохион байгуулалтын хувьд чийрэгжүүлэлтийн танхим, урлаг заал, нөхөн сэргээх эмчилгээ, эмчийн үзлэг, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөнүүд, ажилчид, уулзалт, оффисын албан тасалгаа зэргээс бүрдсэн аж. Мөн оёдол, гар урлал, мужааны цех, сургалт, хүмүүжлийн зориулалт бүхий бусад өрөөг ч иж бүрнээр нь сүүлийн үеийн шийдлээр тохижуулсан гэнэ. Түүнчлэн уурын зуух, гүний худгийн барилга, харуулын байр зэргийг цогцоор нь барьжээ. Гаднах тохижилтын ажлын хүрээнд авто зогсоол, явган хүний зам, талбай, гэрэлтүүлгийг мөн шийдсэн гэв. Тус бүтээн байгуулалтыг “Тэмээн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар техникийн хяналт тавьсан байна.
О.Ундрах