Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын энэ оны нөхөн сонгуулийг дээрх байдлаар товложээ. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагад төлөөлөгчид “гарч, орох” хөдөлгөөн их байдаг тул нөхөн сонгуулийг жил бүр зохион байгуулдаг, СЕХ-ноос оны эхэнд товыг тогтоодог юм. Энэ талаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9-д заасан байдаг. Улмаар СЕХ-ноос уг нөхөн сонгуулийг хэрхэн зохион байгуулах цаг хугацааны хуваарийг батлаад буй. Аль аймаг, сум, дүүрэгт ИТХ-ын хэдэн мандатад сонгууль явуулж, хэдэн хүнийг нөхөн сонгох тухай тоо нь гуравдугаар сарын 16-наас өмнө тодорхой болох аж. Үүнийг тухайн шатны ИТХ-ууд нь тогтоох юм.
Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодыг дөрөвдүгээр сарын 22-ноос өмнө байгуулах нь. Тэгвэл гуравдугаар сарын 23-наас эхлэн УБЕГ сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимд байршуулах үүрэг хүлээжээ. Нөхөн сонгуульд оролцох нам, эвслүүд дөрөвдүгээр сарын 22-ноос өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүсэлтээ илгээх юм. Улмаар нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 7-13- нд болох аж.
С.Уул