АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп америкийн ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор дэлхийн 75 улсын иргэнд цагаачлалын виз олгохыг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргалаа. Уг журмыг энэ сарын 21-нээс хэрэгжүүлэх бөгөөд үүнд манай улс ч багтжээ. Өөрөөр хэлбэл, Африк, Ази, Латин Америк, Ойрхи Дорнод, зүүн Европ гээд дэлхийн улс орнуудын гуравны нэг ор чим нь эл хязгаарлалтад багтаад буй юм.
АНУ-ын засаг захиргаа эдгээр орны иргэдийг тус улсад ирснийхээ дараа төрийн халамж, нийгмийн тусламжаас хамааралтай болох магадлал өндөр гэж үзсэн байна. Гэхдээ энэ нь зөвхөн “ногоон карт” буюу АНУ-д байнга оршин суух хүсэлтэй иргэдэд хамааралтай. Харин аялал жуулчлал, бизнес (B1, B2), оюутны (F1) зэрэг түр зуурын визэд одоогоор хамаарахгүй аж. Мөн уг хязгаарлалтад хамаарахгүй зарим онцгой нөхцөлийг ч тусгажээ. Тухайлбал, хоригт багтсан улсын иргэн боловч жагсаалтад ороогүй өөр орны давхар иргэншилтэй бол уг журам түүнд хамаарахгүй, виз мэдүүлэх эрх нь нээлттэй үлдэх юм. Түүнчлэн тухайн иргэний АНУ-д зорчих зорилго нь “Америк нэгдүгээрт” бодлогын хүрээнд үндэсний ашиг сонирхолд нийцэж буйг нотолж чадвал эл хязгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой. Үүнээс гадна хориг хүчин төгөлдөр болохоос өмнө виз нь гарсан ч, паспортад нь хэвлэгдэж амжаагүй тохиолдолд консулын ажилтан тухайн визийг хүчингүй болгохоор заажээ. Энэ нь АНУ-ын засаг захиргааны дотоод бодлого, шүүхийн шийдвэрээс хамааран өөрчлөгдөх магадлалтай. Тиймээс АНУ-ын Төрийн департаментын албан ёсны цахим хуудаснаас мэдээллээ тогтмол нягталж байхыг иргэдэд зөвлөжээ.
Э.Сондор