Эдийн засаг, хөгжлийн яамныхан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Азийн газрын захирал Мухаммед Эсан Хан тэргүүтэй төлөөлөгчдийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улс болон АХБ хооронд 2025 онд шинэчилсэн түншлэлийн стратеги нь Засгийн газрын тэргүүлэх зорилтууд болон 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлтэй нийцэж байгааг онцоллоо. Цаашид АХБ-ны зүгээс хамтын ажиллагаандаа хувийн хэвшлийн оролцоог өсгөн, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулж, эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ дурджээ. Түүнчлэн 2026 онд манай улс Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг даргалахтай холбоотойгоор зохион байгуулах үйл ажиллагааг зөвхөн салбарын уулзалтуудаар хязгаарлахгүйгээр Засгийн газрын түвшний оролцоотой, бүс нутгийн эдийн засгийн ирээдүйг тодорхойлох стратегийн яриа хэлэлцээний индэр болгох зорилт тавьж буйгаа салбарын дэд сайд илэрхийллээ.
С.Цэрэн