Монгол Улсад цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийсэн талаараа эмч нар өчигдөр мэдээллээ. Эл эмчилгээг УНТЭ-ийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, ардын эмч Н.Оюундэлгэрийн санаачилгаар ЭХЭМҮТ, БНТУын “Medical Park” эмнэлэг, мөн ТИКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. 15 настай, М гэх охинд үүдэл эс шилжүүлэн суулгасан байна. Ингэхдээ өөрөөс нь үүдэл эсийг нь ялган авч боловсруулан, хөлдөөгөөд эргэн сэлбэжээ. Тэрбээр таван настайдаа цусны хавдраар оношлогдсон бөгөөд есөн жилийн турш эмчилгээ хийлгэсэн ч өвчин нь удаа дараа сэдэрсэн байна. Харин цусны үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа биеийн байдал нь сайжирчээ.
Манай улсад сүүлийн жилүүдэд цусны хавдрын тохиолдол нэмэгдэж буй бөгөөд жилд 150-200 хүүхэд оношлогддог байна. Тэдний 50-60 орчимд нь хортой хавдар илэрдэг аж. Цусны хорт хавдартай хүүхдүүд гадаадын улс оронд өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай тул эдийн засгийн хүнд дарамтад өртдөг. Тодруулбал, гадаадын улсуудад цусны хавдрын үед үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг 350500 сая төгрөгөөр хийдэг юм байна. Харин Монгол Улсад анх удаа эл хагалгааг амжилттай хийж эхэлснээр гадаад руу урсах зардлыг бууруулах, эх орондоо чанартай тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэж буйг эмч нар хэллээ. Ташрамд, УНТЭ-ийнхэн цусны хавдартай, насанд хүрсэн 36 хүнд үүдэл эс шилжүү лэн суулгах эмчилгээг амжилттай хийжээ.
Ч.Цэлмэг