Төрийн захиргааны албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлагыг тодорхойлох, чадамжийн хэрэгцээнд суурилсан сургалт, хөгжлийн бодлогыг сайжруулах, хүний нөөцийн төлөвлөлтөд ашиглах үндэслэл бүхий мэдээллийг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх зорилгоор “оношлох” судалгааг энэ сарын 23-нд улсын хэмжээнд зохион байгуулах гэж буйгаа Төрийн албаны зөвлөлөөс өчигдөр мэдээллээ.
Судалгааг удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, ахлах гэхчлэн гурван ээлжээр явуулах бөгөөд үүнд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны нийт байгууллагын 21 000 гаруй албан хаагчийг хамруулахаар төлөвлөжээ. “Чадамжийн оношилгооны үнэлгээ” судалгаанд Төрийн албаны зөвлөлөөс шинэчлэн баталсан Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын дагуу бүх албан хаагчийг заавал хамруулах аж.
О.Бат