Манай оронд өвлийн жавар тачигнасан хамгийн хүйтэн өдрүүд үргэлжилж буй. Нийслэлд ялангуяа өглөө, оройд буюу ажил цуглаж, тарах үеэр гадаа -38-40 хэмийн хүйтэн, автобус хүлээн зогсох хэдхэн минутад л хамар, хацраа “хайрчих” шахам байна. Нийтийн тээвэр нь угаасаа цагаараа явдаггүй тул 30-40 минут хүлээх зуурт хөл, гараа хөлдөөх шахаж байгаа юм. Замын түгжрэл нийслэлчүүдийн ажил, амьдралыг энэ мэт шийддэг болсон өнөө үед автобусны дулаан зогсоол бидэнд ус, агаар мэт хэрэгтэй сэн. Гэтэл хотын захиргааныхан сүр дуулиантайгаар барьж байгуулсан, тууз хайчлах нь холгүй нээсэн өнөөх зогсоолуудынхаа “ам”-ыг байсхийгээд л барьчих юм. Сүүлийн өдрүүдэд тохиосон их хүйтнээр иргэд дулаан зогсоолууд сураглаж, хаалттай байгаагийнх нь зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд нийтэлж, бухимдлаа илэрхийлсээр байна.
Иргэд ийн шүүмжлээд эхлэнгүүт нийслэлийн ЗДТГ-аас сая гэнэт санасан аятай “Хаалттай зогсоолуудыг засварлаж дууссан. Өнөөдөр (өчигдөр) нээнэ” ч гэж байх шиг. Автобусны дулаан зогсоолуудыг түгждэг шалтгаанаа ихэвчлэн “Гудамжны, архины хамааралтай иргэд бохирдуулдаг, орж унтдаг. Зорчигчид хамаг эд хогшил, хаалга үүдийг нь эвдэлж, цонх, шилийг нь хагалчихдаг” хэмээн тайлбарлаж, бүх бурууг иргэдэд л тохдог. Ард иргэдээ ингэж нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхах байсан юм бол анхнаасаа “Архичдад, гудамжны гуйлгачдад үйлчлэхгүй” гээд санамж хадчихгүй дээ.
Нийслэлээс өгсөн мэдээллээр төвийн зургаан дүүргийн хэмжээнд автобусны 70 орчим дулаан зогсоол байдаг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт ийм зогсоол 24 байдгаас 19 нь хэвийн ажиллаж байгаа гэв. Баянзүрхийн хэмжээнд 12 зогсоол ашиглалтад оруулсны тав нь ажиллахгүй, эд хогшил нь хулгайд алдагдсан, зорчигчид цонх, шилийг нь хагалсны улмаас түр хаасан аж. Өчигдөр хоёрыг нь засаж, нээсэн гэж буй. Хан-Уул дүүрэгт дулаан зогсоол зургаа байдгийн гурав нь мөн л хаалттай. Бусад нь хэвийн, эсэх нь тодорхойгүй. Онгорхой хэд нь дулаан биш, “хөлдүү зогсоол” болчихсоныг иргэд ч хэлж буй. Хаалттай зогсоолуудыг засаж дууссан, удахгүй нээнэ гэж албаныхан хэлнэ лээ. Өвлийн адаг сар гарч, хаврын урь орохын даваанд л нийслэлчүүд сая нэг дулаан зогсоолтой золгох бололтой.
О.Ундрах