Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд болон дэд сайдтай Москвад уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар санал солилцжээ. Энэ үеэр шатахуун нийлүүлэлтэд гарч байсан хүндрэлийг давтахгүй байх, 2026 онд хангамжийг хэрхэн тогтвортой хангах талаар хэлэлцэж, цаашдын төлөвлөлт, уялдаа холбоог сайжруулах зорилгоор талууд онлайнаар тогтмол харилцахаар тохирчээ. Мөн ОХУ-аас энэ жил Монголд нийлүүлэх шатахууны хэмжээг хэвийн төвшинд, тасралтгүй байлгах боломжтойг илэрхийлжээ. Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт, Монголын хилтэй ойролцоо бүсэд шатахууны агуулах бэлтгэх, нөөц бүрдүүлж өгөхөд хамтран ажиллаж болно гэв. Ингэснээр манайх нөөцийн савтай болтод шатахуун тасалдахгүй, ойрхноос цэнэглэж болох аж. Дээрх уулзалтад “Газпром”, “Роснефть” зэрэг томоохон компанийн төлөөлөл оролцсон байна. Ташрамд дурдахад, өчигдрийн байдлаар манайх АИ-92 авто бензин 11 460, дизелийн түлш 28 740, бусад бүтээгдэхүүн 1300 орчим тонныг татан аваад байгааг АҮЭБЯ-наас мэдээллээ.
С.Дулам