Сүүлийн жилүүдэд хүүхдүүд, тэр дундаа бага насныхан янз бүрийн эм, аминдэм санамсаргүй их хэмжээгээр ууж, хордох нь нэмэгдсэнийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-өөс сэрэмжлүүллээ. Тус төвийнхөн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасагт 2020-2025 онд цочмог хордлогын улмаас хэвтэн эмчлүүлсэн тохиолдлуудад дүн шинжилгээ хийхэд 67 хувь нь янз бүрийн эмд хордсон байжээ. Харин үлдсэн хувийг угаарын хий, химийн бодисын хордлого эзэлсэн байна. Насаар нь авч үзвэл, нийт хэвтэн эмчлүүлэгчийн 55.8 хувь нь тав хүртэлх насныхан, үүний 34.1 хувь нь 1-2 ойтой нялхас гэнэ. Эмд хордсон шалтгааны дийлэх хувь нь эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүйтэй шууд холбоотой аж.
Хордлого гэрийн орчинд түлхүү тохиолдож буй нь хамгийн ноцтой үзүүлэлт гэдгийг ЭХЭМҮТ-ийнхөн анхааруулав. Хүүхдүүд ялангуяа Д аминдэм, өвөө, эмээ нарынхаа тогтмол хэрэглэдэг даралт, зүрх, судасны болон томчуудын уудаг өвчин намдаах, тайвшруулах, бусад өргөн хэрэглээний эмийг чихэр, хоолтой андуурч нэг дор олноор нь идсэнээр наад зах нь хордох, цаашлаад амь нас нь эрсдэхэд ч хүрдэг байна. Иймд эцэг, эхчүүдэд гэрийн орчны аюулгүй байдлыг тогтмол хангаж, эм, химийн бодисыг нүднээс далд, хүүхдийн гар хүрэхгүй, цоожтой, өндөр газар хадгалах, аливаа аминдэмийг дур мэдэн өгөхгүй байхыг эмч нар зөвлөлөө.
О.Ундрах