Хүйтний эрч эрс чангарсан энэ өдрүүдэд гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж буй. Өнгөрсөн өвлийн өдий үеийнхтэй харьцуулахад агаарын бохирдол харьцангуй бага байна хэмээн зарим иргэн цахим орчинд байр сууриа илэрхийлжээ. Агаарын бохирдол үнэхээр бага буй, эсэхийг агаарын чанарын өчигдрийн мэдээнээс харахад хэд хэдэн газар анхаарах хэмжээнд байв. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Шар хад орчимд агаарын чанарын индекс 12.00 цагийн байдлаар 500-д хүрч хамгийн их бохирдолтой байлаа. Мөн Дамбадаржаа, Хайлааст, Налайхад агаарын бохирдол их гарчээ. Агаар бохирдуулагч бодис дунд хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс их байгаа нь үүнд нөлөөлсөн байна. Агаарын чанарын индекс 401-500 байвал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг бөгөөд гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж, гэртээ байхыг зөвлөдөг юм.
Ташрамд, Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр Баянхошуу, Налайх, Хайлааст, Толгойт орчимд хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM10, PM2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл хүлцэх хэмжээнээс 1.5-2.7 дахин их гарчээ.
Ч.Туяа