Зураач, сийлбэрч М.Мөнхзул “Нар” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ “B contemporary art” галерейд олны хүртээл болгоод байна. Түүнтэй сийлбэрийн урлагт хөл тавьсан түүх, материалынхаа мөн чанарыг танин мэдэх үйл явц болон модны “амьд” шинж чанарыг бүтээлдээ хэрхэн тусгадаг талаар ярилцсанаа хүргэе.
-Таны уран бүтээлийн гараа, тэр дундаа дүрслэх урлаг, сийлбэртэй хувь заяагаа хэрхэн холбосон түүхээс яриагаа эхэлье.
-Би багаасаа л зурах дуртай хүүхэд байлаа. Яваандаа зураач болохыг мөрөөдөж, архитектурын мэргэжлийг ч сонирхож эхэлсэн юм. Ингээд Үйлдвэр урлалын сургуульд элссэн. Тухайн үедээ сийлбэр гэж юу болох, модтой хэрхэн харилцах талаар ямар ч ойлголтгүй байсан. Хотын хүүхэд учраас монгол ахуйгаасаа жаахан хөндий өссөн хэрэг. Уг нь уран зургийн ангид орохыг хүссэн ч орон тоо нь дүүрсэн байв. Ингээд л сийлбэрийн ангид элсэлт авч байхаар нь орчихлоо. Багш нар маань “Нэг их ялгаагүй ээ, бүгд л зураач болно” гэж зоригжуулсан. Өөрөөр хэлбэл, энэ мэргэжлийг би санаандгүй сонгосон. Одоо бодоход би биш, мод намайг сонгосон мэт санагддаг. Юу ч мэдэхгүй шинэхэн оюутан ангид өрсөн сийлбэрүүдийг хараад “Энийг яаж хийдэг юм бол” гэх сониуч зандаа хөтлөгдөн, мэргэжилдээ дурлаж билээ. Модны ширхэг бүрийг таньж, ойлгох нь хамгийн чухал. Сийлбэрлэх механизмыг ойлгох гэж их хичээсэн. Үндсэн утга учрыг нь нэгэнт ойлгочихвол модоо зороход илүү амар болдог юм билээ.
-Үзэсгэлэнгээ яагаад “Нар” гэж нэрлэх болов. Гэрэл гэгээг илэрхийлж байна уу, эсвэл амьдралын мөчлөг, тойргийн бэлгэдэл үү?
-Би модны үртсээр бүтээл урлах гэж нэлээд хэдэн жил туршсан. Анх учрыг нь олохгүй үртсээ цавуутай зуурах, ямар нэгэн зүйлийн дотор хийх зэргээр оролдож байв. Гол санаа нь модоо бүрэн гүйцэт, ямар ч хаягдалгүй ашиглах байлаа. Мод бол хаягдал биш, байгалийн эко материал. Байгальд нь хаясан ч эргээд бордоо болдог тийм л “амьд” зүйл. Тиймээс үртсээ ашиглан бүтээл хийх хүсэл дотор минь удаан буцалсан. Олон ч туршилт хийж, нэг л болж өгөхгүй болохоор нь хэсэг орхисон юм. Тэгтэл “Нар” үзэсгэлэнг бүтээх үйл явцад тэрхүү үртэснүүд өөрсдөө бөөрөнхий хэлбэр үүсгэж, нарны дүрсэнд хувирсан. Бараг надаас шалтгаалахгүйгээр өөрөө хэлбэрээ олчихсон юм шиг санагддаг. Үзэсгэлэнд дэлгэсэн долгионтой моднуудаас гарсан үртсийг ашиглан “Нар” үзэсгэлэнгийн үндсэн концепц болох онцлох үзмэрээ бүтээсэн.
-Тэгэхээр хаягдлаа онцлох бүтээл болгосон байх нь ээ?
-Тийм ээ, гол нь үртсийг л амь оруулж гаргаж ирж буй санаа юм. Мөн аливаа зүйлийг удаан тунгаахаар үгэн дээр акцент өгч, өөрийн анзаараагүй зүйлээ ч анзаардаг юм билээ. Монголчууд бид тэд нар гэх зэргээр олон тоог ашигладаг шүү дээ. Үзэсгэлэнгийн нэр үүнтэй ч бас холбоотой.
-Үзэсгэлэн гаргахад хамгийн хэцүү зүйл нь юу байв?
-Дотроо нэг зүйл бодчихсон, түүнийгээ хэрхэн хөгжүүлэхээ төлөвлөөд олон эскиз зурна. Эхэндээ юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй зурчихдаг. Модтой удаан харилцсан учраас модноосоо өгөгдөл авчихна. Түүнийгээ боловсруулж, үзэсгэлэнгийн хэмжээний концепц болгоно гэдэг уран бүтээлчээс асар их бие, сэтгэлийн хүч шаарддаг. Оюун санааны даваагаа давж эскизээ гаргасан ч түүнийг бодит болгоход хөрөнгө мөнгө шаардлагатай шүү дээ. Энэ нь надад хэцүү санагддаг юм. Модоо худалдаж авахаас эхлээд санхүүгийн асуудал ч их гарна. Төвлөрөх гэхээр амьдралын асуудлууд ундарна. Зөвхөн бүтээлдээ анхаармаар байвч амьдралын шаардлагаар өөр зүйл хийх хэрэгтэй болно. Энэ бүхнээс стресстэж, өөрийгөө голж, больё гэж бодох үе ч байсан. Тиймдээ ч 10 жил үзэсгэлэн гаргаагүй хэрэг.
-“Нар” үзэсгэлэнгийн тайлбарт “эсэргүүцэлгүй орших урсгал” гэх сонирхолтой тодорхойлолт байна. Бидний амьдарч буй энэ нийгэмд байгаль шиг эсэргүүцэлгүй оршино гэдгийг та уран бүтээлч хүний өнцгөөс хэрхэн тайлбарлах вэ?
-Энэ бол хөдөлгөөний л хэлбэр. Модон доторх ширхгүүд нь зогсолтгүй дээш ургаж, мөчрийнхөө үлдэгдлийг ямар ч эсэргүүцэлгүй тойрон гарч буй тэр хөдөлгөөн юм. Модны гүнд өрнөж буй үйл явц гэсэн үг. Бас шинээр нар үүсэж байна. Бий болохыг нь хүлээн зөвшөөрч, эсэргүүцэх шаардлагагүйгээр нарыг бүтээж буй тэрхүү хөдөлгөөнүүдийг л би зурсан.
-“Манлайбаатар” таны сор болсон бүтээлүүдийн нэг шүү дээ. Үүнийг хэр хугацаанд урласан бол?
-Ойролцоогоор 2-3 сар зарцуулсан. “Манлайбаатар”-ыг өдгөө Уран зургийн галерейд хадгалж байгаа. Бүтээлээ урлахын өмнө нэлээд хэдэн эскиз гаргаж, модоо хайхаас эхлээд ер нь хугацаа шаардсан. Эрэгтэй хүүхдүүд багадаа дайн тулаантай кино үзэх дуртай байдаг шүү дээ. “Хатанбаатар Магсаржав” кинонд Манлайбаатар Дамдинсүрэн босоогоороо үхдэг хэсэг бидний үеийнхний сэтгэлд мартагдашгүй үлдсэн. Манлайбаатар бол хувьсгалаас 10 гаруй жилийн өмнөх хүн. Кинон дээрх тэр дүр төрх сэтгэлээс огт гардаггүй. Би хувьсгалын сэдэвтэй бүтээл хийх сонирхолтой. Д.Бодоо тэргүүтэй хүмүүсийг биширдэг болохоор тэр үе рүү автоматаар “орчихдог”.
Үнэхээр тийм үйл явдал болбол үхэх гэж байхдаа босоод зогсох тэнхээ надад байх уу зэргээр өөр дээрээ жишээ авч, бодож үзлээ л дээ. Гэтэл би хэзээ ч ингэж чадахгүй юм билээ. Манжуудад эзлэгдэж, шоронд орвол мань мэт нь яаж хурдан, зовохгүйгээр үхэхээ л бодно шүү дээ. Харин тэрбээр эцсийн мөч хүртэл босоогоороо л байсан. Энэ бол хэр баргийн хүнээс гарахааргүй сэтгэлийн тэнхээ, агуу өгөгдөл. Түүний үхэл нь хүртэл нийгэмд шинэ эхлэлийн цэг болсон. Хэдий түүний амьдрал дууссан ч Манлайбаатар босож зогссоноороо нийгэмд тэмцлийг эхлүүлсэн. Одоо бодоход л шар үс босож байна. Түүний амьдрал дуусах тэр цэг хэн нэгний эхлэл болсон гэж бодохоор үнэхээр биширмээр.
-Таны бүтээлүүд байгаль болон хүний оршихуйн тэнцвэрийг хөндөхөөс гадна эх оронч үзэл нэвт шувт мэдрэгддэг. Өнөөдрийн нийгэмд таны бүтээлүүд хүмүүст ямар сануулга өгөөсэй гэж хүсдэг вэ?
-Би хүмүүст үзүүлэх гэхээс илүүтэй өөрөө л бүтээлээсээ таашаал авах гэж урладаг. Надаас гарсан бүтээл хэн нэгэнтэй яаж “харилцахыг” би захирч чадахгүй. Хэнд ямар мэдрэмж төрүүлэхийг ч таах аргагүй. Ер нь тийм мэдрэмж өгөөсэй гэж зориуд бодож байгаагүй. Зүгээр л бүтээлээ урлах явцад би өөрөө ямар мэдрэмж авч байна вэ гэдэг нь чухал. Mодонд хайртай учраас хүмүүсийг ч бас модыг ойлгоосой гэж хүсдэг. Тиймээс бүх бүтээлээ модоор хийдэг. Өмнө нь баримал, чулуугаар хийх гэж оролдож байсан. Гэхдээ надад “наалдахгүй” гэдгийг нь ойлгосон.
-Мод бусад материалаас илүү амьтай санагддаг гэсэн үг үү?
-Бүх материал амьтай. Зүгээр л би модондоо илүү хайртай.
-Материалаа хэрхэн сонгодог талаараа хуваалцахгүй юу? -Миний хувьд мод хэзээ ч гологддоггүй. Үртэс байсан ч “амилуулах” гэж зүтгэдэг. Манайхан “Гоё юм аа, даанч мод” гээд татгалзах нь бий. Бас мод эдэлгээ муутай гэх өрөөсгөл хандлага ч байдаг юм. Гэтэл мод бол хамгийн “амьд” материал. Бүх зүйл цаг хугацаатай. Хүмүүс аливаа зүйлийг мөнх байлгах гэж зүтгэдэг нь буруу. Мод яг л хүн шиг. Тухайн цаг хугацаандаа оршин байгаад, цаг нь болохоор явчихдаг. Үүнийг нь хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй юм. Гэхдээ оршин буй хугацаандаа тухайн орон зайг “амьд” байлгаж чаддагаараа давуу талтай.
Миний түүхэн сэдэвт бүтээлүүддээ ашигласан мод дандаа л байгаль дээрээ удчихсан, намайг ирэхийг хүлээж байсан мэт онцгой содон тохиолоор олдож байв. Айлын хашаанд түлээ болгохоор хэдэн жил хадгалсан, өт, хорхойнд идэгдэж муудсан мод ч байсан.
-Уран бүтээлчид онгод гэж ярих нь түгээмэл юм билээ. Таны хувьд онгод гэж юу вэ?
-Би хувьдаа үүнийг төвлөрөл л гэж ойлгодог. Өөртэйгөө байх тэр цаг хугацаа, орон зайг л хэлэх болов уу.
-Сийлбэрийн урлагтай амьдралаа холбосон 17 жилийн хугацаанд сэтгэлээ хамгийн их чилээсэн, эсвэл тэр хэрээр хүч хөдөлмөр шаардсан бүтээл бий юү?
-Би бүтээлийг удаан нухаж хийдэг төрлийн хүн биш. Тухайн үеийн сэтгэл хөдлөл их нөлөөлнө. Ер нь сэтгэл хөдлөл, аливааг хүлээж авах чадвар өндөртэй. Тиймээс “Анхны долоо”, “Манлайбаатар” хоёр бол яах аргагүй сэтгэлээ шингээж урласан бүтээл. Ялангуяа “Манлайбаатар”-ын тохироо нь ч маш гоё бүрдсэн. Би бүтээлээ гуравдугаар сарын 13-нд дуусгасан юм. Гэтэл тэр өдөр нь Манлайбаатар Дамдин сүрэнгийн төрсөн өдөр байж таарсан. Үнэхээр гайхсан. Яг үнэндээ би түүнийг хийнэ ч гэж төлөвлөөгүй, цаанаасаа л “намайг бүтээгээч” гэсэн мэт нөхцөл нь бүрдсэн л дээ. Материал нь хүртэл өөрөө гараад ирсэн. Айлаас “Оронд нь бүтээл хийж өгье” гэж амлаад хашаанд нь олон жил “хэвтсэн” модыг гуйж авсан. Тухайн үед надад худалдаж авах мөнгө байгаагүй. Хар мод учраас маш хатуу, хамгийн сайн брэндийн хөрөө ч орохгүй ойж байсан тул бүгдийг нь гараараа нэгбүрчлэн урласан.
“Анхны долоо”-г ч санаандгүй байдлаар урласан даа. 22-ын товчоонд айлын хашаанд хэрэглэхгүй удсан мод байна гэхээр нь очиж авсан. Тэгтэл цагдаа нар гарал үүслийн бичиг нэхээд хот руу оруулдаггүй. Айлын хашаанд хэдэн жил болсон модонд ямар бичиг байх вэ дээ. Тэгэхээр нь яаж ийж байгаад л оруулж ирсэн.
Хүмүүс өт, хорхой идсэн муухай мод байна гээд ойртдоггүй байв. Тэр модоор л “Анхны долоо” бүтсэн түүхтэй.
-Таны бүтээлүүд дунд бухын дүрслэл цөөнгүй харагддаг.
-Багадаа хөдөө очихоор бух их сүрлэг амьтан шиг санагддаг байв. Мал мэдэхгүй хүүхдэд бух мөргөлдөх нь аймшигтай атлаа сонин үзэгдэл. Өдөр нь номхон хэвтэж байдаг бух нар жаргахаар өөр араншин гаргаж мөргөлддөг. Тэр дүр зураг, нар жаргах үеийн туяанд бухын өнгө цэнхэртэж, урамдах нь яг л кино шиг сэтгэлд үлдэж. Тиймээс л бух урлах дуртай болсон. Яагаад ч юм надад эр амьтны сүр хүчийг харуулсан, эзэнт гүрний толгойлогч мэт мэдрэмж өгдөг.
-Уран бүтээлчдийг хоёр ангилдаг гэдэг. Нэг хэсэг нь үзэсгэлэнгээ гаргаад амар тайван болдог бол нөгөө талд хоосорч, шалдаа буудаг гэх юм. Та аль төрөлд нь багтах бол?
-Сүүлийн 10 жилийн хугацаанд өөрийнхөө хэмжээнд саад бэрхшээлийг даван тууллаа. Тэгээд л бачуурлаа үзэсгэлэн болгож тайвширлаа. Үзэсгэлэн гаргах бол мэдээж амаргүй даваа. Миний хувьд үзэсгэлэнгээ гаргахаасаа өмнө хэдийн шалдаа буучихсан. Тухайн үед “Би хэн билээ, юу хийх гээд байна вэ” гэх мэт олон асуулт өөрөөсөө асууж, хямарч, ядарсан. Хамгийн сүүлд нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх замыг сонгоод одоо харьцангуй тайвшраад байна. Тиймээс эхний ангилалд багтах байх.
-Хийж үзэхийг хүсдэг хэрнээ халгаад эхэлж зүрхэлдэггүй сийлбэрийн төрөл байдаг уу?
-Би хаягдал модоо цуглуулдаг. Түүгээрээ хүүхдийн тоглоом урлахыг хүсдэг ч одоохондоо зориглож чадахгүй л байна. Тусдаа төрөл юм билээ.
-Хэн нэгэн таныг гээд зориод ирвэл багшлах бодол бий юү?
-Хааяа боддог л юм. Хэрэв багшилбал бүтээл гэж юу болох талаарх өөрийн ойлголт, мэдрэмжээ л заахыг хичээнэ. Хэрэв хэн нэгэн намайг зориод ирвэл эхлээд сайн ярилцана байх. Би тийм ч ааш сайтай хүн биш, араншин муутай. Тэсэж чадвал надад татгалзах зүйлгүй. Гэхдээ амьдралын хэрэгцээндээ тааруулж авдар сав сийлж суръя гэвэл дэмий байх, тийм зүйлийг заах хүн олон бий.
-Үзэсгэлэнгээ олны хүртээл болгочихлоо. Одоо ямар бүтээлд төвлөрч байна вэ?
-Оюун санаа, бие сэтгэл маань үзэсгэлэндээ бүрэн автчихсан. Одоо өөр зүйл хийх гэхээр нэг л болохгүй байна. Тиймээс эхлээд энэ мэдрэмжээсээ гарч байж, дараагийн ажилдаа шамдана. Би ирээдүйгээ төлөвлөхийг хичээдэг. Гэхдээ ирээдүй л бол ирээдүй шүү дээ.
У.Цэцэг