Төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК)-д ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүд санхүүжилтээ авч чадахгүй байгаа талаар өчигдөр мэдээлэл өглөө. Уг төсөлд техник хэрэгсэл түрээслүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл “Бид мега төсөлд хувь нэмрээ оруулах зорилгоор хамтран ажилласан. Гэвч өнгөрсөн зунаас хойш ажлын хөлсөө авч чадсангүй. Өдгөө Хятадын уурхайд тоног тө хөөрөмжөө нийлүүлснээс ч дор нөхцөлд ор чихлоо. Түрээсэлж буй техник бүр 500-600 сая төгрөгийн өртөгтэй тул сарын төлбөр өндөр гардаг. Үүний цаана ажилтнуудын цалин, банк болон ББСБ-ын зээлийн их хэмжээний дарамт үүслээ” хэмээв.
Тэгвэл үүсээд буй асуудлын талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төсөл, хөтөлбөр, судалгааны газрын дарга Б.Тамир “Манай байгууллага Улаанбаатар хотын аюултай ачааны тээвэрлэлтийг шийдвэрлэх Багахангай чиглэлийн бүтээн байгуулалтыг хариуцаж, зураг төсөл болон ТЭЗҮ-ийг дотоод нөөц бололцоогоороо боловсруулсан. Энэхүү төслийн хүрээнд дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор 63 байгууллагын 2400 орчим мэргэжилтэн, 1400 гаруй техник хэрэгслийг татан оролцуулсан бөгөөд одоогоор газар шорооны суурь ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна. Эхний 7.1 км төмөр замын суурь бүтцийг өөрсдийн хүчээр гүйцэтгэсэн, ирэх дөрөвдүгээр сараас газар шорооны ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Харин санхүүжилтийн тухайд Хөгжлийн банкны зээл удааширсан тул Засгийн газрын тогтоолоор нээлттэй бонд гаргасан. Нийт 300 тэрбум төгрөгийн өртгөөс 200 орчмыг нь гүйцэтгэгч байгууллагууддаа олгоод байна. Салбарын сайдын тушаалаар эхлээд туслан гүйцэтгэгч нарынхаа тооцоог шийдвэрлэсэн газруудад дараагийн шатны санхүүжилтийг шилжүүлэх зохицуулалт хийсэн. Бондын санхүүжилт удаашралтай байгаа тул энэ хүртэл тэсэж ирсэн операторууд, аж ахуйн нэгжүүдээсээ уучлал хүсье. Бид боломжоороо санхүүжилт босгохыг хичээж байгаа” гэсэн юм.
У.Сүрэн