“Ковид-19”-ийн үеэс хойш нэг хэсэг завсарлаад байсан, Монгол дахь Энх тайвны корпусынхны хэрэгжүүлдэг “Монгол айлд-америк сайн дурын ажилтан” хөтөлбөрийг энэ оноос үргэлжлүүлэхээр болжээ. Энх тайвны корпус нь 1961 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигийн санаачилгаар байгуулагдсан, олон улсын сайн дурынхны нэгдэл юм. Монголд 1991 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд дээрх хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон сайн дурын америк ажилтан манай улсад хоёр жилийн хугацаанд ажиллаж, амьдрахаар тун удахгүй ирэх гэнэ.
Түүнд монгол хэл, соёл, ёс заншлыг таниулах хөтөлбөрийг өнөө зун Төв аймгийн Зуун мод сумд зургаадугаар сарын 13-наас наймдугаар сарын 16 хүртэл хэрэгжүүлэх аж. Иймд эл хугацаанд гэртээ амьдруулах боломжтой айлуудаас хүсэлт авч эхэлжээ. Тухайн айл нь сайн дурын ажилтанд гэр бүлийн гишүүн шигээ эелдэг хандаж, аюулгүй, амгалан тайван байдлыг нь хангах зэрэг шалгууртай. Айл өрхүүдийн хүсэлтийг хоёрдугаар сарын 13 хүртэл хүлээн авч, сонгох юм. Сонирхуулахад, хүүхэд, залууст хэл, соёлын насан туршийн боловсрол олгох зорилготой энэхүү хөтөлбөрийн хүрээнд 1994-2020 онд Төв аймагт л гэхэд сайн дурын 52 ажилтан ажиллаж, амьдарчээ.
М.Гэгээ