Ерөнхий сайд Г.Занданшатар Давосын эдийн засгийн чуулганд оролцоод эх орондоо ирсэн даруйдаа буюу энэ сарын 24-ний өглөө цахилгаан станцуудад үүссэн нөхцөл байдалтай танилцсан байна. Тэрбээр юуны өмнө Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллажээ. Сүүлийн долоо хоногт хөрсөн дээр -48 хэм хүрч хүйтэрснээс станцын нүүрс дамжлагын бункер бөглөрч, хөлдсөнөөс доголдол гараад байсан юм. Шуурхай баг ажиллаж асуудлыг шийдсэн, одоо бүрэн буюу 300 МВт хүчин чадлаараа ажиллаж байгаа гэдгийг станцын удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан байна. Ерөнхий сайд ч цаг агаарын энэ мэт эрсдэлээ тооцож, алдаа гаргахгүй ажиллахыг сануулжээ. Бөөрөлжүүтийн станцын төслийн III блокийг 2027, IV блокийг 2028 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буй бөгөөд ингэснээр нийт хүчин чадал нь 600 МВт болох аж.
Үүний дараа Ерөнхий сайд “ДЦС-IV”-т ажилласан байна. Тус станцын ажилтнууд гарсан гэмтлийг засаж дууссан тул бямба гаргийн 05.00 цагаас цахилгаан, дулаан хэвийн үйлдвэрлэж байгаа гэлээ. 18.00 цагаас бүрэн ажиллагаанд орно гэсэн байв. +70 градустай хүнд нөхцөлд шуурхай ажилласан тус станцын гагнуурчид болон засварчдыг Ерөнхий сайд сайшааж, талархал илэрхийлжээ. Эдгээр ажилтныхаа илүү цагийн урамшуулал, цалин хөлсийг нэмэх талаар салбарын яамыг шахаж ажиллана гэсэн байна. Энэ үеэр тус станцын ерөнхий инженер Д.Болдбаатар “Гэхдээ энэ бол гал унтраасан арга. Бэлтгэл нөөцгүй цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэж буй тохиолдолд хязгаарлалт дахин үргэлжлэх эрсдэлтэй. Тиймээс яаралтай шинээр есдүгээр зуух барих шаардлагатай” гэдгийг хэлжээ.
Хоёр жилийн өмнө шинэ зуухны ТЭЗҮ-ийг батлуулсан байна. Есөн зуухтай болсноор цахилгаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангаад зогсохгүй бэлтгэл тоноглолтой болж, гал алдах эрсдэл буурах юм. Мөн бусад зууханд засвар үйлчилгээ хийх хугацаа наашлах зэргээр олон давуу тал бий болох аж.
С.Уул