Одоогоос 10 орчим жилийн өмнө зургаан дуунаас бүрдэх “Famous men” цомгийн “бяцхан” нээлт “Hi-Fi records”-д болсон юм. Үүний “The bride and the bachelor” хэмээх уран бүтээл “Netflix”-ийн “Outer banks” цувралд, түүний зохиосон “Crimson” дуу “Хавтаст хэрэг”-т эгшиглэснийг кино үзэгчид сайн мэдэх биз. Мөн Ж.Сэнгэдорж найруулагчийн олон улсын кино наадмуудаас цөөнгүй шагнал хүртсэн “Худалдагч охин” (2021)-ы хамгийн гоё сценүүд түүний бүтээлээр л “амилж”, өнгө будагтай болсон гэж үзэгчийн хувиар боддог юм. Өнгөрсөн зун видео тоглоомын ертөнцийн амьд домог гэгддэг Хидео Кожимагийн “Death stranding 2: On the beach” бүтээлд түүний хэд хэдэн дуу багтсан билээ. Түүнээс энэ талаар тодруулахад “Хамгийн чухал нь дуу нь л гоё байх хэрэгтэй” хэмээсэн юм. Хөгжимч- дийн “гэр”, манай хотод нуугдсан сувд буюу донж, хөгтэй “Fat cat” жазз клубийг тэрбээр найз Г.Хонгортойгоо хамтран үүсгэн байгуулсныг ч дурдах нь зүй. Ингээд энэ бүхний автор, инди фолк дуучин, ая зохиогч “Магнолиан” буюу Б.Дөлгөөнтэй ярилцсанаа хүргэе.
-Инди фолк урсгал их өвөрмөц хэмнэлтэй. Хотын хөл хөдөлгөөн, хөдөөгийн амар тайван хоёрын уулзварт байгаа юм шиг, нэг тийм завсрын мэдрэмж төрүүлдэг.
-Би эл жанраар дуулна гэж анхнаасаа шийдсэн байсан. Олон урсгалаас шилж сонгосон гэхээсээ илүүтэй надаас “ургаж” буй хөгжим л энэ. Би фолк дуучдад их дуртай, татагддаг. Угаасаа лаг хоолой шаардсан дуу бичихгүй байх гэж бодсон л доо. “Fleet foxes” (2006 онд АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотод байгуулагдсан инди фолк хамтлаг), Bon Iver (дуучин, ая зохиогч) сонсож өссөн нь надад их нөлөөлсөн болов уу. Ийм л дуу хийх юм сан гэж бодоод л.
-Та анх 2015 онд “Playtime”-д оролцсон байх аа?
-Тийм.
-Тэнд байсан 30 хүний 29 нь танай найз, танилууд байсан гэж үнэн үү?
-Үнэн байх аа. Тухайн үеийн “Playtime”-д тийм олон тайз ч байгаагүй, ялангуяа амьд хөгжимд зориулсан. Үдийн 15.00 цаг орчим тайзнаа гарсан санагдаж байна. Урагшаа үзэгчид рүү харахаар нэг их том талбайн урд хэсэгт цөөхөн хэдэн хүн л зогсож байгаа юм. Дандаа таньдаг хүмүүс. Дуу бүтээж шалиагүй байсан үе юм чинь. Тэгээд л ганцаараа гитараа тоглоод дуулсан. Соло уран бүтээлч байж бусдаас ялгаръя гэх бодол ч байсан.

-Тэр тооны харьцаа одоо өөрчлөгдсөн биз дээ?
-Мэдээж одоо бол шал ондоо (инээв). Өнгөрсөн жил тайзнаа тоглоход талбай дүүрэн хүн байгаа юм чинь. Сонсогчтой болсон, тэднийг олсон.
-Түүнээс хойш та хамтлагтай болсон шүү дээ.
-Эхэн үедээ хамтлагийн гишүүд их солигддог байв. Харин одоо тогтсон хамтлагтай болсон шүү. Н.Жамух (бөмбөрчин), Ч.Даваадорж, Б.Оюунболд (гитарчин), Б.Баярцэнгэл (хийлч) нартайгаа байна. Хамтлагаараа хэлэлцэж, гаргасан шинэ санаанууд сүүлийн цомогт их туссан гэж хэлнэ ээ. Хааяа манай эхнэр Б.Энхжин томоохон тоглолтод туслах дуучнаар ажилладаг. Дуунуудаа би голдуу бичнэ. Анх би зөвхөн хөгжмөө зохиогоод түүнийг “амилуулах” дуучинтай болно доо гэж боддог байв. Гэхдээ гар нийлэх хүн хайгаад, хайгаад олдохгүй байсан учраас “За өөрөө л дуулчихъя” гэж шийдсэн хэрэг
-12 настайгаасаа гитар тоглож сурсан гэхээр ая зохиож, дуулж эхэлсэн нь хэзээнээс гэсэн үг вэ?
-Дөнгөж гитар тоглож, дуулж сурчхаад түүндээ ангийнхаа охидыг уриалдаг үе байсан (инээв). Гэхдээ би дуунуудаа ер дуусгадаггүй байсан юм аа. 30-40 секундийн “юм” хийчхээд л орхидог. Бүрэн хэмжээний дуу зохиож эхэлсэн нь 16-тайгаас юм болов уу. 10 жилдээ хамтлагтай, тэр байтугай бид дуугаа студид бичүүлж байв. Харин түүнээс хойш их сургуульд сурахаар явсан, дүрслэх урлагийн чиглэлээр. Энэ мэргэжлээр төгссөн хүмүүс юу ч хийж болно л доо. Гэхдээ би үүгээрээ ажиллая гэж огт бодоогүй. Аав, ээж хоёр минь миний өмнөөс шийдвэр гаргаж, “Чи ингэ, тэг” гэдэггүй. Анхны цомог “Famous men”-ийг гаргахын тулд их юм болсон доо.
-Ковер зураг нь их сонирхолтой санагддаг.
-Тийм. Ямартай ч би өөрийнхөө зурагтай цомог гаргахгүй гэж хатуу шийдсэн байсан. Манай гэрт төмөр хайрцагт байдаг хуучны зургууд үзэж суутал түүнийг олсон юм. Эхнэртээ үзүүлсэн чинь “Наадах чинь ёстой гоё байна шүү дээ” гээд л. Тэр зургийг олсон нь жинхэнэ аз гэж хэлнэ ээ. Их сонирхолтой зураг байгаа биз. Орон нутгийг дүрсэлсэн ч тэр нь морь унасан залуу биш. Тэр зургийг яг наадмаар авсан. Зун хөдөө явахаар хүмүүс ямархуу хувцасладаг билээ. Сайн харвал гурван ах бөх үзэх гээд антенаа тааруулж байгаа.
-Таны анхны гитар өөрт чинь их зүйл өгсөн гэж ярьсан байна лээ. Тодруулбал юуг?
-Аав, ээжийн авч өгсөн гитар одоо ч бий. Лаг биш л дээ. Гэхдээ тэр их “сүнслэг”, яг л аравнайлсан бурхан шиг. Нэг удаа хугалж байсан юм байна. Буцаагаад л наасан даа.

-Сүүлийн үед голдуу хэнийг уншиж байна вэ?
-Чилийн зохиолч Бенжамин Лабатутын “When we cease to understand the world”-ыг. XX зууны эрдэмтэд шинжлэх ухаандаа хэрхэн улайрч, тэдний нээлт дэлхийн I, II дайнтай хэрхэн холбогдсон гэх мэт. Эрнест Хемингуэйн “Old man and the sea”-г мөн онцолмоор байна. Дууны шүлэг бичиж байхад заримдаа юу ч толгойд буудаггүй. Гацчихдаг, юу ч баригддаггүй. Тэр үед ямар ч хамаагүй ном шүүрээд уншихаар “Аан, ингэж бичиж болно шүү дээ” гэсэн сэдэл төрдөг юм. Бичихийн тулд эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Хэт хичээвэл биеэ барьчихна. Бичиж буй бүхнээ шүүмжлээд л.
-“Од ба Гэгээ” (2019) киноны “Өөр хүмүүс” дуу “500 days of Summer”-ын “She’s got you high” бүтээлтэй их адилхан эхлэлтэй.
-Нээрээ тийм шүү.
-Дуу бүтээх явцад таны төсөөлснөөс тэс өөрчлөгдөж гарсан тохиолдол бий юү? -Байгаа. Чи аль дууны талаар яриулмаар байна
-Тухайлбал, “Civil war”.
-Энэ дууны талаар хүмүүс нэг их асуудаггүй юм байна. Тал хүртэл нь биччихээд цаашаа юу ч орж ирдэггүй, яаж дуусгахаа ч мэдэхгүй болсон. Яг л шаварт суусан машин шиг. Жийгээд л байдаг, дугуй нь гарахгүй байгаатай адилхан. Гэхдээ эцэст нь дуусгаж чадсан шүү. “Caroline” бас их сонин түүхтэй. Нэг өдөр гэртээ орж чадахгүй болсон юм. Тоглолтоосоо болж л оройтсон байх. Дотор хүмүүс унтаж байдаг, надад түлхүүр байдаггүй. Шөнөжин орцонд байх болчхож байгаа юм. Гэхдээ дээшээ шатаар өгсөөд байшингийнхаа дээвэр дээр гартал нар мандаж байсан. Яг тэр үед л энэ дууны дахилт орж ирсэн юм байна. Шинэ юм зохиох мэдрэмж их гоё, бүр догдлоод, би олчихлоо шүү гээд л.

-Тэрхүү мэдрэмжээ дэлгэрүүлэхгүй юү. Зарим сонсогч гадаад найзууддаа таныг гайхуулдаг гэх юм билээ.
-Хөгжим зохионо гэдэг хяналтдаа байлгах боломжтой зүйл биш юм шиг. Загас барихтай адилхан ч юм уу. Ямартай ч далай руу уургаа шидэх хэрэгтэй. Хааяа загас барина, заримдаа барихгүй жил, сар болно. “Old man and the sea”-г уншсан учраас ингэж бодож байж магадгүй юм.
Маш том загас баривал тэр нь далайн бэлэг ч юм шиг. Тиймээс уран бүтээлийн ажил бол авьяас, ур чадвараас гадна тодорхой хэмжээний аз байх. Жишээ нь, “Indigo” ингэж л бүтсэн, маш хурдан. Бараг өөртөө итгээгүй. Унтаж чадахгүй догдлоод л. Хөгжим бол дамжуулагч шүү дээ. “Би мэдрэмжээ чамд дамжуулъя. Чи бид хоёр угаасаа ижилхэн зүрх сэтгэлтэй хүн” гэсэн санаатай.
-Тэгэхээр таны дуунууд цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөн бол?
-Миний шинэ дуу хуучнаасаа гоё болж байгаа гэдэгт итгэдэг. Харин дуу зохиох процесс өөрчлөгдөөгүй байх аа. Уг нь юмсыг хийх тусам амархан болдог. Гэхдээ миний хувьд лав тийм биш. Бүр л хэцүү болсон байх.
-Уран бүтээлийн ажил хэзээ ч гарт ордоггүй юм болов уу?
-Харин, мэдэхгүй л юм. Миний гол зорилго бол өөрийгөө давтахгүй байх. Яах вэ, би өмнөхтэйгөө адилхан дуунууд бичээд байж болно л доо. Гэхдээ энэ чинь би өөрийгөө дуурайж байгаа гэсэн үг шүү дээ. Би өөрийгөө давтмааргүй байна. Шинэ цомгийнхоо ихэнх дууг биччихсэн байгаа. Урьд урьдынхаасаа гоё болсон гэж бодож байна. Дуу зохиохдоо хэт бодох нь лав сайн биш, сонсогчдод мэдэгддэг юм. Хичээж бичсэн, урсаж гарсан хоёр.
Д.Хүслэн