Улаанбаатарын эрчим хүчний 60, дулааны 70 орчим хувийг дангаараа үйлдвэрлэн, нийлүүлдэг “ДЦС-IV”-ийн дөрөвдүгээр зууханд гэмтэл гарсны улмаас энэ сарын 20-ноос нийслэл болон зарим аймагт цахилгаан хязгаарласан. Дээрх зуухны гэмтлийг өнгөрсөн бямба гарагт засан, цахилгаан нийлүүлэлтийг хэвийн болгосон ч уржигдар VII зуух нь мөн цоорсон тул хэсэгчилсэн хязгаарлалт үргэлжлэхийг Диспетчерийн үндэсний төвөөс өчигдөр мэдээллээ. Түүнчлэн тодорхой байршилд цахилгааныг хоёр хүртэлх цагаар тасална гэсэн ч Бөөрөлжүүтийн станцын түлш дамжуулах шугамын доголдолтой холбоотойгоор нэгдсэн сүлжээнд ослын горим үүсэхээс сэргийлж байршил өөрчлөгдөж болно гэв.
“ДЦС-IV” нь найман зуухаар цагт 680 мВт эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд одоогоор нэг зуухныхаа гэмтлийг зассан ч ахин нэг нь доголдсоноор цахилгааныг ийнхүү хязгаарласан хэвээр байгаа юм.
С.Цэрэн