Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн, хууль зүйн доктор Г.Нарантуяа хатуу түлш худалдан авахад зориулсан “Хотула” аппликэйшн хүний эрх зөрчсөн талаарх гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийж эхэлжээ. Тодруулбал, тус аппликэйшн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай (2021) хуулийн ес болон 23 дугаар зүйлд заасны дагуу хүний эмзэг мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа комиссоос зөвлөмж авах, эсвэл үнэлгээ хийж ирүүлэх ёстой ч энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдээгүй аж.
Тэрбээр “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн есдүгээр зүйлд заасанчлан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарах ба тус эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ХЭҮК мэдээлэл хариуцагчид зөвлөмж өгч болдог. Түүнчлэн 23 дугаар зүйлд дурдсанаар үнэлгээ хийх аргачлал, журмыг ХЭҮКын саналыг үндэслэн ЦХИХХЯ батална гэсэн. Гэтэл энэ аппликэйшн хүний эрх зөрчсөн, эсэх маргаан цахим сүлжээнд өрнөж байна. Энэ нь ч зөв. “Хотула” “ДАН” системээс гадна “Хамуга ID”-д гар утасны дугаараар бүртгүүлэх шаардлагатайгаас гадна саяхнаас иргэдийн зөв үйлдэлд оноо өгч урамшуулдаг болсон нь хүний эрхийн өндөр эрсдэлтэй байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна” гэсэн юм. Энэ талаар нэгэн иргэн цахим сүлжээнд “Хотула”-д “ХУР”, “ДАН” систем дэх хувийн мэдээллээ өгч, бүртгүүлдэг. Одоо эрхэлж буй ажил, албан тушаал, сарын орлого, нийтийн тээврээр зорч сон, эсэх талаар гэх мэт. Гайгүй л байгаа даа. Тэр байтугай, нүүр царайгаа таниулахыг шаарддаг шүү дээ, уг нь хориотой л санагдах юм” хэмээжээ.
Д.Хэрлэн