Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намын удирдлага, санхүүгийн ажилтнуудад зориулан намын ил тод байдал, санхүүгийн тайлан, зарцуулалт, хяналтын талаар сургалт зохион байгуулав. Хуулийн хүрээнд улс төрийн хүчнүүд нийт гурван төрлийн тайлан гаргах үүрэгтэй юм. Намууд санхүүгийн тайлангаа ирэх сарын 10, аудитынхыг гуравдугаар сарын 15-ны дотор СЕХ-нд ирүүлэх учиртай. СЕХ эдгээр тайланг хүлээн авч хянаад дөрөвдүгээр сарын 5-ны дотор Үндэсний аудитын газар дүгнэлт гаргуулахаар хүргүүлдэг. Үндэсний аудитын газар төрөөс намд олгосон санхүүжилт, гүйцэтгэлд гаргасан дүгнэлтийг жил бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусган тайлагнахаар хуульчилсан. Тиймээс санхүүгийн тайланг хэрхэн үнэн зөв гаргах, олон нийтэд ил тод мэдээлэх, анхан шатны баримтын бүрдүүлбэрийг хангах талаар ийнхүү улс төрийн намуудад сургалт явуулсан аж.
Мөн намуудад төрөөс хоёр төрлийн санхүүжилт олгож буй. Сонгуулиар нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан долоон нам төрөөс үүнтэй дүйх хэмжээний мөнгөө жил бүр авч байгаа юм. Үүнээс гадна парламентад төлөөлөлтэй нам, эвслүүд сонгогдсон гишүүнийхээ тоогоор төрөөс санхүүжилт авсан. Тэгвэл уг мөнгийг хэрхэн зарцуулах талаар Улс төрийн намын тухай хуульд тодорхой тусгасан. Тодруулбал, эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжихэд санхүүжилтийн 20, намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулах болон хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэхэд тус бүр 15 хувиас багагүй хэсгийг зарцуулах үүрэгтэй.