Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн газрын бодлогын хүрээнд “Эрдэнэс Монгол” компани удирдах албан тушаалтны тоог 32, нийт орон тоогоо 10 хувиар бууруулснаа мэдээллээ. Мөн олон шат дамжлагатай, чиг үүргийн давхардалтай зөвлөл, групп, менежерийн бүтцийг татан буулгасан бөгөөд цомхон, мэргэжлийн баг хамт олон бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн харьяа бүрэлдэхүүн компаниудын чиг үүрэг, бүтэц, орон тооны давхацлыг арилгах, удирдлагын тогтолцоог оновчтой болгох ажлыг эрчимжүүлэх юм байна. Ингэснээр Засгийн газраас дэвшүүлж буй “Цомхон төр” болон “Цэгцрэх хөдөлгөөн” уриалгыг хэрэгжүүлэх боломж бүрдсэнийг тус компаниас мэдээллээ. Ташрамд дурдахад, “Эрдэнэс Монгол”-ын бүрэлдэхүүнд 2025 оны эхний улирлын байдлаар 20 компани харьяалагдан, 20 200 орчим хүн ажиллаж байжээ. Түүнчлэн ажилтнуудын цалингийн зардалд жилд нэг их наяд гаруй төгрөг зарцуулж байв.
С.Дулам