Манай сонины 2026 оны нэгдүгээр сарын 22-ны дугаарт “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв үр дүнтэй ажиллаж чадах уу” гэсэн нийтлэл гарсныг уншигч та бүхэн санаж буй болов уу. Энэхүү нийтлэлээрээ бид тус төвийн үйл ажиллагаа төдийгүй хөрөнгө оруулагчдад тулгамддаг асуудлыг ч хөндсөн юм. Үүний үргэлжлэл болгон хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдал, практикт үүсэж буй бэрхшээлийн талаар мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлээр хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Vindexx” хуулийн фирмийн өмгөөлөгч Б.Наранцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр мэдээллийн технологи, татвар, хөрөнгө оруулалт, үнэт цаасны эрх зүйгээр мэргэшсэн хуульч юм.
-Хөрөнгө оруулалтын харилцааг зохицуулж буй хуулиудын нэгдмэл байдал, хэрэгжилтийг та хэрхэн үнэлэх вэ?
-Тус харилцаанд тогтвортой үйлчлэх хууль байхгүй нь хууль зүйн зөвлөгөө өгч, мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэхэд их эрсдэл үүсгэж байгаа гэж хэлнэ. Эрх зүйн орчин нь ийм эрсдэлтэй улсад хэн ч хөрөнгө оруулахгүй шүү дээ. Хөрөнгө оруулагчид үүнийг тооцохдоо заавал мэргэжлийн хуульчдаар судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулдаг юм. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Гадаадын төрийн өмчит хуулийн этгээд уул уурхай, банк, санхүү, хэвлэл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг эзэмших тохиолдолд зөвшөөрөл авна” гэж заасан. Үүнийг ямар ч хуульч уншвал уг нь ойлгохоор. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх компаниудын тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) олгодог. Гэтэл “Наадах чинь хөрөнгө оруулалтын харилцаа юм чинь Сангийн яам, ЭЗХЯ-наас асууя” гэхчлэн хүчин төгөлдөр үйлчилж буй, тов тодорхой хуулиа ойлгож, хэрэглээд, түүнд нийцсэн шийдвэр гаргаж чадахгүй байна. Яг ийм байдалтай, төрийн байгууллагууд хоорондоо бичиг “шидэлцээд” 5-6 сар болдог. Хөрөнгө оруулагч тал компаниа аль хэдийн байгуулаад, үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон байхад зохицуулагч тал нь хуулиа хэрэгжүүлж чадахгүй ийм нөхцөл байдалтай. Бид хуулийн зөвлөгөө өгөхдөө “Цагаан дээр хараар бичсэн хууль нь энэ. Гэхдээ үүнийг практикт өөрөөр тайлбарлах хандлагатай тул зөвшөөрөл өгөх газраас нь баталгаажуулъя” гэж хэлэх болж байна шүү дээ.
-Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээсэн.
-Тийм. Байгаа хуулиа хэрэглэж чадахгүй ийм хоёрдмол, гацсан төлөвтэй болсон нь үнэн. Энэ мэтчилэн тодорхойгүй байдал үүсгээд байхаар хөрөнгө оруулагчид “Биднээс авлига авах гээд байгаа юм болов уу. Яг юу хүсээд байгаа юм бол оо” гэж хардахад хүргэдэг. Хуулийг хэрэгжүүлэгч яамны удирдлагууд байн байн солигддог нь ч эрх зүйн орчны эрсдэлд хамаарна. Үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагаа эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулах зорилт бүхий Зөвшөөрлийн тухай хуулийг 2022 онд баталсан. Тусгай зөвшөөрөл гэдэг нь хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг зөвхөн зөвшөөрөлд заасан хүрээнд хязгаарладаг талтай. Тиймээс аливаа бизнест хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчийн хувьд маш эрсдэлтэй шийдвэр.
Эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Сангийн яамнаас олгодог. Уг зөвшөөрлийг аваад хуулийн дагуу ажиллаж буй өчнөөн компани байхад тэдний бизнесийг фэйсбүүкийн лайваар сугалаа явуулж буй хүмүүсээс хамгаалах, ялгаж салгах чиглэлээр Сангийн яам ганц ч ажил хийдэггүй. Мөн технологийн компаниуд “Play store”, “Apple store”-д аппликэйшнээ байршуулах гэхээр Монгол Улс тухайн үйл ажиллагааг зөвшөөрсөн, эсэх мэдээлэл нь олон улсын платформуудад очдоггүй байх жишээтэй. Зүй нь бол Засгийн газар хууль, тогтоомжийн хэрэгжилтээ олон улсад баталгаажуулж, хангах ёстой биз дээ. Энэ нь бүх зардлаа тооцоод хөрөнгө оруулалт хийчихсэн хүмүүст асар том эрсдэл үүсгэж буй юм. Зохицуулагч байгууллагад нь хандаж “Олон улсын байгууллага руу албан бичиг, цахим шуудан бичээд өгөөч” гэхээр “Бидэнд ийм чиг үүрэг байхгүй” гээд оролцдоггүй. Энэ бол төр компаниудын орлого олох боломжийг шууд хааж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, бодит байдалд төр хуулиа хэрэгжүүлэхдээ зөвшөөрөл авсан компаниудаа хамгаалдаггүй, зөвшөөрөлгүй этгээдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсооход хойрго хандаж байгаа. Виртуал хөрөнгийн биржүүдэд ч яг ийм дүр зураг бий. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос виртуал хөрөнгө арилжаалах, зуучлах үйл ажиллагаа эрхлэхэд хувь нийлүүлсэн хөрөнгө болон технологийн аюулгүй байдлын өндөр шалгуур тавьж, зөвшөөрөл олгодог. Гэтэл нөгөө талд энэ төрлийн үйл ажиллагааг дурын нэг иргэн фэйсбүүк чатаар бусдаас захиалга авч, мөнгөө хувийн дансаараа дамжуулаад л зуучлалын хөлс авч байгаа. Тусгай зөвшөөрөл авах гээд их хэмжээний зардал гаргасан компанийн хувьд энэ чинь шударга бус шүү дээ. Тусгай зөвшөөрөлгүй хувь хүн хийгээд болоод байдаг зүйлийг аливаа компани их хэмжээний зардал гарган байж бүтээх шаардлагагүй болчхож байгаа юм. “Үүнд анхаараач ээ” гэхээр Төвбанк болон СЗХ-ныхон “Бид ажлаа хийж байгаа” гэсэн ерөнхий хариулт л өгдөг. “Бизнесийн орчныг таатай болгож, хөрөнгө оруулагчдаа хамгаална” гээд л том том “юм” ярьдаг даа. Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй компанид нийслэлийнхэн, цагдаагийн алба хаагч орж ирээд л торгоно, зар сурталчилгааг чинь буулгана гэж дарамтлах нь энүүхэнд байдаг нь нууц биш.
-Засгийн газрын бодлогын хүрээнд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулсан. Эл төв нь хөрөнгө оруулагчдад шаардлагатай хууль, эрх зүйн мэдээллийг нэг цэгээс хүргэх, шинэ мэдээлэл, туршлага солилцох, сургалт, семинар зохион байгуулах, ил тод байдлыг хангах, аливаа маргааныг шүүхийн шатанд хүрэхээс нь өмнө санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах юм гэнэ лээ.
-Энэ талаар би судалсан. Тус төвийн үйл ажиллагаа ямар хуульд үндэслэж, хэрхэн ажиллах нь ч тодорхойгүй. Бусдын эрх ашгийг хамгаалах гэж байгаа юм бол өөрийн гэсэн ажиллах дүрэм, эрх ашгийг хамгаалах тодорхой тогтолцоотой байх нь зүй. Гэтэл Монгол Улсын хуульд заасанчлан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоо зөвхөн шүүхэд хамаатай. Миний хувьд энэ төвийн талаар судалсны эцэст өөр зүйл олсонгүй. Уг нь хуульд нийцэхгүй байгаа асуудлаар гомдол гаргаж, маргах процесс нь тодорхой байх ёстой. Гэтэл үүнийг хэрхэн шийдвэрлэх, тухайн шийдвэр нь шүүхэд хандахаас өмнөх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болох, эсэх зэрэг хууль зүйн процесс байхгүй учраас асар эргэлзээтэй. Бодит байдалд хөрөнгө оруулагчид энэ төвд хандах байтугай шүүхэд ч итгэхгүй байгаа шүү. Нэгдүгээрт, шүүхэд хандвал асар их хугацаа алдана гэж боддог. Хоёрдугаарт, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн асуудлаар албан тушаалтныг хариуцагчаар татан Захиргааны шүүхэд хандах нь үр дүнгүй гэх ойлголттой. Олон компанитай бизнес эрхлэгч нэг байгууллагад нь үүссэн асуудлаас болоод төртэй муудалцахаас эмээдэг. “Хэрэв би эднийг шүүхэд өгвөл миний бусад бизнест сөргөөр нөлөөлж, зүй бус дарамт шахалт ирнэ” гэж болгоомжилдог шиг. Энэ маш буруу хандлага. Захирал, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид төрийн албан тушаалтанд тал засаж, эвийг нь олж явах ёстой гэж үзэх нь маш утгагүй хэрэг. Эрх ашгийг хамгаалах шүүх тогтолцоондоо итгэхгүйгээр нэг даргатай мэнд устай, гар бариад явж байвал миний бизнест хэрэгтэй гэдэг замыг сонгох нь эрх зүйт төрийн төлөвшилд асар сөрөг нөлөөтэй гэж хэлнэ. Бид тэдэнд шүүхэд хандаж, учирсан хохирлоо хуулийн дагуу тогтоолгохыг зөвлөдөг ч 10 захирлын найм нь “За, яах вэ, уулзаад л учраа олчихъё” гэдэг.
-Учраа олдог болов уу?
-Мэдэхгүй юм. Өнөөдөр манайд хуваан төлөх үйлчилгээг иргэд түгээмэл хэрэглэж байгаа. Гэтэл дотоодын нэгэн технологийн компани таван жил хэвийн үйл ажиллагаа явуулж байтал СЗХ-ноос шалгалт оруулж, тэдний үйлчилгээг банк бус санхүүгийн байгууллагын факторингийн үйлчилгээний шаардлагад нийцэхгүй гэх үндэслэлээр акт тавьсан. Компаниас үүнийг эсэргүүцэж, Захиргааны шүүхэд гомдол гаргаад Улсын дээд шүүх хүртэл явсан ч эцэст нь арга буюу СЗХ-ныхонтой ойлголцож дуусгахаар шийдсэн. Угтаа факторингийн үйлчилгээнд хамаарахгүй зүйлийг Хорооноос “Хамаарна” гэж зүтгэсээр байгаад тухайн байгууллагаар зөвшөөрөл авхуулж дийлсэн хэрэг. Энэ бол хуульд байхгүй зүйлийг шаардаж, бизнес эрхлэгчийг хүчээр буулгаж авч буй бодит жишээ. СЗХ-ны практикт ийм асуудал байнга гарч байгаа гэж хэлэх байна. Энэ бүх бизнесийн цаана хөрөнгө оруулагчид байгаа гэдгийг төр мартаж болохгүй. Сайд нар гадаадын хөрөнгө оруулагчдад их ач холбогдол өгдөг, тийм үү. Гэхдээ дотоод, гадаад гэлтгүй бүгд л хөрөнгө оруулагч, эрх ашгаа адилхан хамгаалуулах эрхтэй. Технологийн компаниуд 3-5 жилийн дотор маш хурдан “томордог” онцлогтой ч ийм тогтворгүй, барьцгүй орчинд хөрөнгө оруулагчид асар өндөр эрсдэл хүлээж байгаа. Хэрэв бизнес нь амжилтгүй болбол тэдний оруулсан мөнгө зүгээр л хандив болоод дуусна.
СЗХ технологийн шинэ бүтээгдэхүүнийг ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. Тухайлбал, төлбөр тооцоо, хөрөнгө оруулалтын чиглэлээр ашиглах боломжтой хөрөнгийг токенжуулах замаар санхүүжилт босгох нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд нийцсэнийг тайлбарласаар байтал татгалзсаар л ирсэн. Тэдний хэлдэг ганц өгүүлбэр нь “Бид СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулиар санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах чиг үүрэгтэй тул танай бүтээгдэхүүнийг зөвшөөрөхгүй, энэ нь биржийн бус зах зээлийн хөгжилд сөргөөр нөлөөлнө” гэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй зүйл ярьдаг. Ийм нөхцөлд бизнес эрхлэгчид шүүхэд хандахаас татгалзаж буйг би буруутгахгүй. Угтаа технологийн шинэ бүтээгдэхүүн бүрийг хуульчилж гүйцэх боломжгүй байхад бүх зүйл хуульд яг таг өгүүлбэрээрээ байх ёстой юм шиг авирлаж, олон улсын жишгээс хол хоцорч яваа. Эцсийн дүндээ төр өөрөө зохицуулагч байгууллагуудаа дарамталж, тэднийг бие даан шийдвэр гаргах боломжгүй болгож байгаа юм.
-Тодруулбал?
-Үүнд олон шалтгаан бий байх. Албан тушаалтнууд өөрсдөө ижил төрлийн бизнес эрхэлдэг зэрэг ашиг сонирхлын зөрчил үүссэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ минийхээр хамгийн гол шалтгаан бол шийдвэр гаргах зориггүй байдал. Тэд зах зээлд жинтэй нөлөө үзүүлэхүйц шинэлэг зүйлсэд нээлттэй хандаж чадахгүй байна. “Хэрэв би үүнийг зөвшөөрчихвөл албан тушаалын хариуцлага хүлээж, ажлаасаа халагдах болов уу” гэсэн айдсаасаа болж шинэ бүтээгдэхүүнийг дэмжихийн оронд торгох шийдвэрээ л хамгийн хурдан гаргадаг. Дараа нь асуудал үүсвэл би буруудна гэж болгоомжлон шийдвэр гаргахаас зугтаж байгаа нь нэн тэргүүний шалтгаан болов уу гэж хардаг. Зарим тохиолдолд бүр илэрхий өөрсдийн хамаарал бүхий өрсөлдөгч бизнесийнхээ зах зээлийг хамгаалж байгаа дүр зураг ч бий. Түүнчлэн хөрөнгө оруулагчдыг шантрааж буй гол хүчин зүйл бол хууль, тогтоомжийн хэрэгжилтийн тогтворгүй байдал. Монголд байтугай дэлхий нийтээр яригдаж буй орчин үеийн үйлчилгээг манай маш хуучирсан хуулиар зохицуулах гэж оролддог. Шинэ төрлийн харилцааг хуучин хуулиар шийдвэрлэнэ гэж байхгүй. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.2-т “Бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох” гэсэн заалтыг ашиглаж тэд хуульд нийцээгүй шийдвэр гаргаж байгааг дурдах хэрэгтэй.
-Бизнес эрхлэгчид шүүхээр маргах замыг сонгохгүй байгаа шалтгааны талаар дэлгэрүүлэхгүй юү?
-Эцсийн дүндээ шүүхэд хандаж байж л эрх ашгаа хамгаалуулна гэдгийг бизнес эрхлэгчид ойлгох нь зөв. Шүүх миний асуудлыг шийдэж чадах болов уу гэх эргэлзээ, хугацаа алдах айдсаас гадна зохицуулагч байгууллагаа шүүхэд өгөхөөс цэрвэх, шүүхийн шийдвэр биелэхгүй байх вий гэх болгоомжлол нь бизнес эрхлэгчдийг хойш татаж байгаа. Гэсэн ч би бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад шүүхэд ханд гэж зөвлөдөг. Би сүүлийн таван жил кибер гэмт хэргийн чиглэлээр дагнан өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй. Шинэ төрлийн харилцаа байх тусам манай шүүгчид түүнийг ойлгох гэж хичээж, маш их судалдаг болсныг онцлох хэрэгтэй. Миний өмгөөлж буй хэргүүдэд ажиллаж байгаа ямар ч насны шүүгчээс аливаа асуудлыг тухайлан ойлгох гэсэн эрмэлзэл, хандлага мэдрэгддэг. Манайд энэ төрлөөр дагнасан шүүх байхгүй ч тусгай мэдлэг шаардсан шинэ төрлийн маргааныг шийдэхдээ шүүгчид хангалттай сайн ажиллаж буй. Мөн хууль тайлбарлахаас бусад асуудлаар шинжээч томилох эрх нь ч нээлттэй байдаг.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдаж, түүнийг дагасан 4-5 журам гарсан. Гэвч хууль, дүрмээ өмнө нь хангалттай судлаагүй байж пиарын шинжтэй зүйл зарладаг нь төрийн бодлого, шийдвэрт үндэслэн бизнесээ төлөвлөдөг компаниудад маш том хохирол учруулдаг. Засгийн газраас татварын дэмжлэгийг татварын бус хуулиар шийдэхгүй гэж явснаа гэнэт л энэ хуулийг баталчихсан. Ингээд хууль хэрэгжүүлэх хүрээнд баахан журам батлах ч Засгийн газрын тогтоол гараагүйгээс хууль хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байсаар. Батлагдсан гурван журмаа эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд оруулах гэж гурван сарын хугацаа өнгөрсөн. Түүнийг нь бариад зөвлөгөө өгөх гэхээр Засгийн газар жагсаалтаа батлах шаардлагатай болсон. Гэтэл “Төсөв байхгүй тул энэ онд хэрэгжүүлэх боломжгүй” гэсэн хариу өгч байх жишээтэй. Манайд хууль баталж, хэрэгжүүлж буй байдал бүхэлдээ ийм л байна. Судалгаагүй хууль баталснаас болж хүн бүр түүнийг дур зоргоороо тайлбарладаг, хэрэгжилт тогтворгүй.
Захирлууд албан тушаалтнуудыг шүүхэд өгвөл миний бизнест сөргөөр нөлөөлнө гэж айх бус, харин төрийн албан хаагчид би хууль зөрчсөн шийдвэр гаргавал тэд намайг шүүхэд өгнө, миний буруутай үйлдлээс болж төрд учирсан хохирлыг эргээд надаас нэхэх вий гэж эмээдэг болох ёстой. Шүүх тогтолцоондоо зоригтой итгэж, эрх ашгаа хамгаалуулахыг захирлуудад уриалмаар байна. Шүүхэд хандсанаар бизнес чинь аврагдана. Мөн хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахаа болих хэрэгтэй.
-Асуудал бүрд зориулж хууль батална гэж байхгүй болов уу.
-Тийм. Бид тэр харилцааг зохицуулах хууль баталж чадах уу гэдгээ бодох хэрэгтэй. Хууль нь тодорхой байхад түүнийг ойлгож, хэрэглэж чадахгүй байна шүү дээ.
Д.Хүслэн