Цахилгаан таслахаас урьтаж даалгавраа хийж суусан хүү “Ядаж хэлсэн цагтаа тасалчихгүй юм даа” гэж санааширчээ. “Тогоо яг хэлсэн цагтаа таслаад сурчихвал маш том дэвшил юм даа, улс бараг хөгжлөө” хэмээн цахим орчинд егөөдөгчид цөөнгүй байна. Инээдэмтэй гэхээсээ эмгэнэлтэй харанхуй, хүйтэн өдрүүд үргэлжилсээр. Энэ сарын 20-нд нийслэл төдийгүй зарим орон нутагт цахилгаан тасарч, үүний шалтгааныг “ДЦС-IV”-ын зуух эвдэрсэнтэй холбож тайлбарласан билээ. Гэтэл VII зуух нь мөн цоорсон, хэсэгчлэн хязгаарлана хэмээн холбогдох албаныхан мэдээлсэн. Энэ хязгаарлалт цаашид хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй бөгөөд цахилгаан таслах хуваарь гаргасан хэвээр.
Тэгвэл цахилгаан тасарсантай холбоотой гомдол, мэдээлэл цахим очинд дүүрэн байна. Тухайлбал, сэтгэл зүйч Ж.Үйлст “Хүүг минь цахилгаан шатанд байхад тог тасарч, есөн давхраас хаалга нь нээлттэй чигээрээ унажээ. Хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх яасан бэ. Энэ бүхний хариуцлагыг хэнээс нэхэх вэ” гэж фэйсбүүктээ бичжээ. Үүний дор цахилгаан гэнэт хязгаарласны улмаас иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон талаараа маш олон сэтгэгдэл бичсэн байв. Өөр нэг иргэн “Хүү минь цахилгаан шатанд 40 орчим минут гацлаа. Агааргүйтэх, лифт унах, айж сандарч байгаадаа гэж бодоход л аймшигтай. Хэзээ тог тасрах бол гэхээс ажил дээрээ ч тайван сууж чадахгүй, санаа зовж байна” гэжээ. Мөн айл өрх, албан байгууллагын паар нь задарч, ус алдсан тохиолдол цөөнгүй гарах болов. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг ч хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл үүссэн. Орхон аймгийн нэгэн сургуулийн сурагчид харанхуй ангид хичээллэж, хүүхдүүд гар утасныхаа гэрлийг асааж, тэмдэглэл хөтөлж буй зургийг багш нь цахимд хуваалцсан байна. Тэрбээр “Ядаж хичээлийн бус цагаар хязгаарлаж болдоггүй юм байх даа” хэмээсэн юм.
Ч.Туяа