Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарласан гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараахтай холбоотой аливаа төрлийн гэмт хэргийг хууль санаач лах эрх бүхий субъектүүд болон хууль тогтоогчийн зүгээс санаачилга гаргаж, батлахгүй байх тухай “Глоб интернэйшл” төвөөс уриалжээ. Тус уриалгад “Үндсэн хуулийн цэц 2025 оны арваннэгдүгээр сарын 25-нд Дунд суудлын хуралдаанаараа Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл “бүхэлдээ” Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. УИХын 123 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохоос татгалзаж, иргэний хууль тогтоомжоор зохицуулахыг гишүүн орнууд болон дэлхий нийтэд уриалсан олон улсын эрх зүй ба нийтлэг хандлага үйлчилж байна. Монгол Улс хүний нэр төр, алдар хүндийг хамгаалсан эрх зүйн тогтолцоотой бөгөөд Иргэний хуулийн 21, 497, 511 дүгээр зүйлээр зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн, зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөр чигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэрээр, эсхүл тухайн тохиолдолд тохирсон арга хэрэгслээр няцаах үүрэг хүлээх зохицуулалт өнөөдөр үйлчилж буй. Иймд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарласан санаа чилга, хууль батлахгүй байхыг уриалж байна” гэжээ.
Ч.Болор