Монголын болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс деволопмент” ХХК “Парадайм капитал инк” компанитай 25 сая канад долларын хаалттай санхүүжилтийн гэрээ байгуулжээ. Тодруулбал, “Эрдэнэ ресурс деволопмент”-ийн нийт 2 809 000 ширхэг энгийн хувьцааг нэгж бүрийг нь 8.9 канад доллароор “Парадайм капитал инк”-д худалдан авахаар болсон аж. Үүнээс татан төвлөрүүлэх хөрөнгийг хайгуулын болон техникийн судалгаанд зарцуулах бөгөөд зэс, молибденийн Зуун мод, зэс болон порфирийн Хөвийн хар зэрэг Монгол дахь ордын үйл ажиллагаанд зарцуулах нь. Харин дээрх компанийн “Монголиан майнинг корпорэйшн”-тэй байгуулсан стратегийн түншлэлийн хөтөлбөрт хамаарахгүй гэнэ. Үүнээс гадна “Эрдэнэ ресурс деволопмент” ХХК андеррайтеруудаар дамжуулан 421 000 хүртэлх нэмэлт энгийн хувьцааг гаргахаар болсноо мөн мэдээллээ. Уг хувьцааг Канадын үнэт цаасны борлуулалтын журмын дагуу Квебекээс бусад бүх муж, бүс нутгийн хөрөнгө оруулагчдад санал болгон арилжих аж. Ташрамд дурдахад, “Парадайм капитал инк” нь 2005 онд байгуулагдсан, Канадын мэргэжлийн хөрөнгө оруулалтын сан бөгөөд уул уурхай, эрчим хүч, технологи зэрэг олон салбарт компаниудтай хамтран ажилладаг юм байна.
С.Дулам