Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Л.Батпүрэв, УИХ-ын гишүүн Г.Очирбат нар өчигдөр “4-11” мэдээллээ хийв. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг тус намаас санаачлан, иргэд, бизнес эрхлэгчдээс санал авч буй. Тэгвэл оны өмнөхөн Засгийн газрын зүгээс мөн ийм агуулга бүхий хуулийн төсөл оруулж ирсэн, үүнийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд түр хойшлуулсан аж. Эдгээр төслийг нэгтгэх ажлын хэсэг байгуулжээ. Ойрын өдрүүдэд болж буй эрчим хүчний доголдол, тасалдлаас үүдэн олон аж ахуйн нэгж, иргэд эд хөрөнгөөрөө хохирч буй. Өдөрт хоёр удаа цахилгаан, дулаан хязгаарласнаас үүдэн аж ахуйн нэгжүүдийн орлого хоёр дахин буурсан гэнэ. Төрөөс цахилгаан, дулаан хязгаарласнаас үүдсэн хохирлыг хэрхэн барагдуулахыг дээрх хуулийн төсөлд тусгаж өгсөн байна. МАН тасралтгүй эрх барьсан сүүлийн 10 жилд 62 200 аж ахуйн нэгж дампуурсан гэсэн судалгаа гарчээ. Үүний шалтгаан нь өндөр хүүтэй, банкны зээлд тулгуурласан санхүүжилтийн тогтолцоо, төрийн хүнд суртал, хяналт шалгалт, бизнесээ дэмжих гэхээс илүү боож хаасан хууль, журам гэдгийг тогтоосон байна. Тиймээс энэ бүхнээс сэргийлэхийн тулд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлах шаардлагатай гэж АН-ынхан үзжээ. Мөн үүний дараа холбогдох бүх хуулийг шинэ хуулийн зарчимд нийцүүлж байж үр дүн гарах нь.
Тус намын генсек Д.Амарбаясгалан “Ө.Шижир гишүүн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах шаардлага тавьж, гарын үсэг цуглуулж буй. Ерөнхий сайд ойрын хугацаанд энэ талаар арга хэмжээ авахын оронд Б.Чойжилсүрэнд 100 хоногийн хугацаа өгч, урин цаг хүртэл аргацаах, ард иргэдээ хуурсан шийдвэр гаргалаа. Тиймээс ойрын хугацаанд дээрх сайд нартаа хариуцлага тооцохгүй бол үндэсний хэмжээний намын хувьд бид УИХ дахь бүлэгтээ бүх талаар улс төрийн дэмжлэг үзүүлэн ажиллана. УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилга өрнүүлээд байгаа юм билээ. Тиймээс бид ард түмнийг МАН-аас чөлөөлөх улс төрийн акц өрнүүлнэ” гэв.
Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Бямбацогт Б.Чойжилсүрэн сайдад 100 хоногийн хугацаа олгосон тухай мэдээлсэн. Тавдугаар сар болоход хүйтний эрч хэдийн суларч, оргил ачааллын үе дуусчих учир цаг хожлоо, аргацаалаа гэсэн шүүмжлэл өрнөж эхэлсэн. Тэгмэгц Засгийн газрын Хэвлэлийн албанаас “Манай сайд нар буруу ойлгоод 100 хоног гэж таүаа мэдээлсэн байна. Ерөнхий сайд Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн” гэсэн залруулга хийсэн юм.
С.Уул