Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох “Грийн групп”-д өчигдөр ажилласан байна. Тус группийнхэн бага хүүтэй, урт хугацааны зээл авч, “Талын Монгол” гоймонгийн экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулсан аж. Есөн сарын хугацаанд байгуулсан энэ үйлдвэр хоногт 100 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, усны хэмнэлттэй гэдгийг гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл танилцуулав. “Хүнсний хувьсгал”-ын дүнд сүүлийн хоёр жилд хүчин чадлаа өргөтгөн, гадаадын улс орнуудтай үйлдвэрлэгч, экспортлогчийн хувиар эн тэнцүү, харилцан ашигтай хамтрах боломж бүрдсэн гэнэ. Тэд “Талын Монгол” брэндээ Хятад, Орос, Турк, Казахстан, Узбекистан, Киргиз зэрэг оронд нийлүүлж буй юм.
2022-2025 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2 500 гаруй аж ахуйн нэгжид эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хэлбэрээр 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгосон байна. Үүний үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, хүнсний 1 000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж буй аж. Мөн уг хөтөлбөрийн хүрээнд 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90, үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эрчимжсэн тахианы аж ахуйн орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлсөн байна.