Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд банк бус санхүүгийн байгууллагаас авах зээлийн өр, орлогын харьцааг 60 байсныг 55 болгон буурууллаа. Ингэхдээ ББСБ нь хэрэглээний зээл олгох бүрдээ харилцагчийн зээлийн эрхийг тооцоолж, уг харьцааг хангасан, эсэхийг шалгахаар тусгав. Харилцагчийн өр, орлогын харьцааг тооцох, мөн зээлийн бүтээгдэхүүний сурталчилгаанд хүү болон бусад нөхцөлийг заавал оруулахаар журамлажээ. Ингэснээр иргэдийн банк, ББСБ-аас авдаг хэрэглээний болон аппликэйшний давхар зээлийн эрсдэлийг бууруулах давуу талтайг СЗХ-ноос дурдлаа. Мөн иргэдийн өрийн дарамт буурах, санхүүгийн сахилга бат сайжрах, урт хугацааны санхүүгийн тогтвортой байдал үүсэх эерэг ач холбогдолтой аж.
С.Дулам