Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн барилга угсралтын ажил дуусах дөхсөн бөгөөд ирэх гуравдугаар сард багтаан ашиглалтад өгөхөөр болжээ. Нийслэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр, урт хугацаанд тогтвортой хангах зорилгоор газрын доорх усны баруун эх үүсвэрийг байгуулан ашиглах, хаягдал усаа дахин боловсруулах боломжийг бүрдүүлж буйгаараа уг төсөл ач холбогдолтой юм.
Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрүүдийг байгуулж, дэвшилтэт технологи бүхий гүн цэвэршүүлэх байгууламжид хаягдал усыг ундны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, хотын ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм. Газрын доорх усны Баруун эх үүсвэрийг шинээр байгуулснаар Улаанбаатар хотын ус хангамжийг одоогийн хэмжээнээс 65 хувиар нэмэгдүүлж, жилд 50 сая шоо метр хүргэснээр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баруун бүсийн дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийн хөгжлийг дэмжих юм байна.
Г.Сансар