“Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл ба батлагдсан төсвийн харьцуулсан шинжилгээ”-г Нээлттэй нийгэм форум, “Зэт файнаншил энд инвестмент консалинг” компанийн судалгааны багийнхан болон судлаачид өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Манай улс төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд нийт 11.1 их наяд төгрөгийн өртөгтэй, 3.28 их наядын санхүүжих дүнтэй 738 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталсан. Төсвийн төсөлтэй харьцуулахад нийт төсөл, арга хэмжээний тоо 159өөр, нийт төсөвт өртөг 1.5 их наяд, санхүүжилт 12.8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Түүнчлэн 3.5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 296 төслийг 1.3 их наяд төгрөгөөр шинээр санхүүжүүлэхээр баталсан аж. Төсвийн төсөлтэй харьцуулахад шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний тоо 147, нийт төсөвт өртөг 1.28 их наядаар, санхүүжилт 227.8 тэрбум төгрөгөөр мөн нэмэгджээ. Түүнчлэн шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний хувьд 175 барилга, байгууламж байгаа бол тоног төхөөрөмж 90, их засвар хийх 19 объект багтсан байна. ТЭЗҮ хийхэд 26.4, цахим таван систем шинээр нэвтрүүлэхэд 11.2 тэрбум төгрөг зарцуулахыг шинжилгээнд дурджээ.
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН БАГЦ ХАРЬЦАНГУЙ ИХЭЭР ӨСЖЭЭ
Шинээр хэрэгжүүлэхээр баталсан төсөл, арга хэмжээний тоогоор тэргүүлж буй төсвийн ерөнхийлөн захирагчид Зам, тээврийн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын, Эрүүл мэндийн сайдууд багтаж байна. Харин Сангийн болон Гадаад харилцааны сайдуудад батлагдсан төсвийн 0.1-0.3 хувь нь ногджээ. Зам, тээврийн сайдын шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тоо, төсөвт өртөгт, санхүүжих дүн төсвийн төсөлтэй харьцуулахад хамгийн өндөр дүнгээр нэмэгдсэн аж. Тодруулбал, шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнийх нь тоо 33-аар, нийт төсөвт өртөг 624.7, 2026 онд олгох нийт санхүү жилтийн дүн 139.5 тэрбум төгрөгөөр төсвийн төслөөсөө нэмэгджээ. Мөн Боловсрол болон Эрүүл мэнд, Эрчим хүч, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд нарын шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тоо болон нийт төсөвт өртөг, энэ онд олгох санхүүжилтийн дүн нэмэгдсэн бол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын санхүүжилтийн дүнг төсвийн төслөөс нь бууруулж баталжээ.
Шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс аймгуудад 147, Улаанбаатарт 82, улсын хэмжээнд буюу тодорхой байршил заалгүй 40, бү сүүдэд 27-г нь хэрэгжүүлнэ. Аймгуудад хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд хамгийн ихийг буюу батлагдсан төсвийн 37.8 хувь нь ногдсон бол Улаанбаатарт 32.2 хувь, бүсүүд болон улсын хэмжээнд үлдсэн нь зарцуулагдах аж. 2026 онд санхүүжих хөрөнгийн 37.3 хувь нь Улаанбаатарт, 30.5 хувь нь аймгуудад, үлдсэн нь бүсүүд, улсын хэмжээнд ногдох юм байна. Төсвийн төсөлтэй харьцуулахад нийслэлд шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний тоо 36-гаар, төсөвт өртөг 287.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн боловч нийт санхүүжих дүнд өөрчлөлт ороогүй байна. Түүнч лэн аймгуудад байршилтай шилжих төсөл, арга хэмжээний тоо, төсөвт өртөг нэмэгдэж батлагдсан бөгөөд нийт төсвийн 54.7 хувийг аймгуудад зарцуулах нь. Харин 19.3 хувийг Улаанбаатарт, үлдсэнийг нь улсын хэмжээнд болон бүсүүдэд хуваажээ. Энэ онд шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл Улаанбаатарт нэг байгаа бол нийт өртөг нь 122.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин аймгуудад шилжих төсөл, арга хэмжээний тоо 11-ээр, нийт төсөвт өртөг 111 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Бүсүүдийн шилжих төсөл, арга хэмжээний тоо, төсөвт өртөгт өөрчлөлт ороогүй бөгөөд нийт санхүүжих дүн 64.9 тэрбум төгрөгөөр төсвийн төслөөсөө буурчээ.
Төсвийн төсөлд тусаагүй 12 шилжих төслийг УИХ-аас нэмж баталжээ. Тухайлбал, нийт 115.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 15.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 12 шилжих төсөл, арга хэмжээ байгааг дээрх тайланд дурдлаа. Үүнд 2018-2024 онд хэрэгжүүлж эхлүүлсэн 12 төсөл багтжээ. Эдгээрээс хамгийн өндөр нь 29.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 1.6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй Монголын үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей юм. Мөн 27.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 3.3 тэрбумын санхүүжих дүнтэй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн барилгын өргөтгөл, нийт 15.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг, санхүүжих дүн бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн барилга, спорт цогцолборыг нэрлэж болно.
“140 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ХУУЛЬД ЗААСАН САНХҮҮЖИЛТИЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ”
Төсвийн төсөлтэй харьцуулахад 2026 онд хэрэгжих нийт төсөл, арга хэмжээний тоо 159-өөр, нийт санхүүжилтийн дүн 12.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж батлагдсан аж. Шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний тоо 147-оор, нийт төсөвт өртөг 1.28 их наяд төгрөгөөр, 2026 онд олгох нийт санхүүжилтийн дүн 227.8 тэрбум төгрөгөөр мөн өссөн байна. Улмаар Дорнод, Архангай, Өвөрхангай, Увсад шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний тоо, төсөвт өртөг, санхүүжих дүн төсвийн төсөлтэй харьцуулахад өндөр дүнээр өсжээ. Мөн Хан-Уул дүүрэгт шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний тоо, төсөвт өртөгт, санхүүжих дүн ч харьцангуй өссөн бол Баянзүрх дүүрэгт шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүн буурч батлагдсан аж. Төсвийн төсөлд шинээр хэрэгжихээр туссан найман төсөл, арга хэмжээг хассан юм байна. Харин төсвийн төсөлд тусгаагүй ч 155 төсөл, арга хэмжээг шинээр нэмж баталжээ.
Үүнээс гадна шинээр хэрэгжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээ нь хуульд заасан санхүүжилтийн шаардлага хангахгүй байгааг судлаач Д.Баярмаа дурдсан. Тэрбээр “Төсвийн төслийг хэлэлцэх, төсөв батлах зэргийг уялдаа холбоогүйгээр хийх нь цөөнгүй байна. Тухайлбал, төсвийн төслийн үеэр яригдаагүй, эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг нь сайн тодорхойлоогүй төсөл, арга хэмжээг санхүү жүүлсээр байна. Мөн энэ онд шинээр санхүү жүүлж, хэрэгжүүлэх 140 төсөл, арга хэмжээ хуульд заасан санхүүжилтийн шаардлага хангахгүй байгаа юм. Улмаар төсвийн төсөлтэй харьцуулахад санхүүжилтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээний тоо 65-аар өсөж, 2026 онд дутуу олгох санхүүжилтийн дүн 248.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Цаашид хуулийн шаардлага хангасан, мэргэжлийн байгууллага болон төсвийн захиран зарцуулагчид нь нямбай боловсруулж, баталсан төслийг санхүүжүүлж, эдийн засаг болон нийгмийн хувьд өгөөж өндөртэй салбар, барилга байгууламжид хөрөнгө оруулахыг хичээх шаардлагатай” гэсэн юм.
Төсвийн нийт төсөлтэй харьцуулахад шилжих төсөл, арга хэмжээний тоо 12-оор, нийт төсөвт өртөг 233.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин эдгээрт олгох санхүүжилт 215 тэрбум төгрөгөөр буурч батлагдсан аж. Түүнчлэн Төв, Хөвсгөл, Орхон, Дорнод аймаг, Хан-Уул дүүрэгт шилжих төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүн харьцангуй өндөр дүнгээр мөн өөрчлөгдөж батлагдсан аж. Төсвийн төсөлд тусаагүй боловч нэмэгдэж батлагдсан 12 шилжих төсөл, арга хэмжээ, төсвийн төсөлд туссан төсөвт өртөг, эсвэл санхүүжих дүнд өөрчлөлт оруулж баталсан 97 шилжих төсөл, арга хэмжээ байгааг “Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл ба батлагдсан төсвийн харьцуулсан шинжилгээ”-нд тэмдэглэжээ.
С.Дулам