Төр нийгмийн зүтгэлтэн, Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр /2026.02.02/ тохиож байна.
Их жанжны хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар тэргүүтэй тус намын гишүүд, дэмжигчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд оролцон Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Төр нийгмийн зүтгэлтэн, гарамгай жанжин Д.Сүхбаатар нь 1893 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат ард Дамдины гэрт төрсөн. 1921 оны 3 дугаар сарын 24-өөс 1922 оны 12 дугаар сар хүртэл Цэргийн яамны Тэргүүн сайдаар, 1921 оны 4 дүгээр сарын 10-наас 1923 оны 2 дугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны 02 дугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.