Дэлхий дээр хүн төрөлхтөн 200 мянган жилийн өмнө оршин байсныг археологийн олдворууд гэрчилдэг. Гэвч бидний үлдээх дараагийн 200 мянган жилийн “өв” нь соёл иргэншлийн ололт бус, харин хуванцар сав, гялгар уут байх вий гэсэн бодит аюул нүүрлээд байна. Өдгөө дэлхий дахинаа минут тутамд нэг сая хуванцар сав, жилд таван тэрбум гялгар уут үйлдвэрлэдэг аж. Эдгээр бүтээгдэхүүний тал хувь нь ердөө нэг удаагийн зориулалттай. Өөрөөр хэлбэл, бид хэт хэрэглээ, түр зуурын тав тухыг сонгосныхоо төлөөсийг байгаль орчны тэнцвэрт байдал, экосистемийн сүйрлээр төлсөөр буйг ердөө дээрх жишээнээс харж болно.

“Цагаан тахал” ба тойрог эдийн засгийн гарц
Түүх сөхвөл, дэлхий нийтийн хуванцрын үйлдвэрлэл 1950-1970 онд харьцангуй бага, хаягдлыг нь зохицуулах боломжтой түвшинд байв. Гэвч дараагийн хорин жилд (1970-1990 он) энэ хэмжээ гурав дахин өсөж, 2000 он гэхэд буюу ердөө аравхан жилийн дотор өнгөрсөн 40 жилд үйлдвэрлэсэнтэй тэнцэх хэмжээний хуванцрыг үйлдвэрлэжээ. Хэрэв энэ хандлага хэвээр үргэлжилбэл 2050 он гэхэд анхдагч хуванцрын дэлхийн үйлдвэрлэл 1100 сая тоннд хүрэх эрсдэлтэйг судлаачид анхааруулж байна. Түүнчлэн өдгөө далай тэнгис, нуур голд 75-199 сая тонн хуванцар хаягдал хуримтлагдаж, усны экосистемийг доройтуулж байгаа бөгөөд энэ хэмжээ 2040 он гэхэд жилд 23-37 сая тонноор нэмэгдэх аюул ч тулгараад буй. Нийт үйлдвэрлэсэн хуванцрын 36 хувийг хүнсний сав, баглаа боодол эзэлдэг ч тэдгээрийн 85 хувь нь дахин боловсруулагдахгүйгээр хогийн цэгт булшлагддаг аж. Байгальд шингэдэггүй, олон зуун жилийн турш задралд ордоггүй энэ хаягдал дэлхийг “цагаан тахал” мэт бүрхэхэд хүрчээ.
Манай улсын хувьд жилд дунджаар 20 мянга гаруй тонн хуванцрын хаягдал үүсдэг бөгөөд нэг иргэнд ногдох хэмжээ нь 137.58 кг-д хүрэв. Монгол Улсад хуванцрыг шатааж эрчим хүч гаргах технологи хараахан нэвтрээгүй тул хог хаягдлыг булшлах, эсвэл дахин боловсруулах гэсэн хоёр сонголт л бидэнд бий. Угтаа бид нийт хог хаягдлынхаа 50 хүртэлх хувийг дахин боловсруулах боломжтой боловч өнөөдрийн байдлаар ердөө 3-5 хувийг нь л ашиглаж байна. Улсын хэмжээнд дахин боловсруулах чиглэлээр 18 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа ч түүхий эдийн хомсдолоос шалтгаалан бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа юм.

“Ти эм эл пластик” үйлдвэр ба ногоон технологийн шийдэл
Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр “М-Си-Эс Кока-Кола” ХХК салбартаа анхдагч болон “мөс зүсэж”, 2030 он гэхэд борлуулсан ундааныхаа бүх савыг дахин боловсруулах томоохон зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд тэд PET-1 төрлийн (ус, ундааны) хуванцар савыг дахин боловсруулах “Ти эм эл пластик” үйлдвэрийг 2018 онд санаачлан байгуулжээ. Тус үйлдвэр нь жилд 27 мянган тонн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай. Технологийн хувьд салбартаа тэргүүлэгч Италийн “Sorema”, Австрийн “Erema” брэндийн тоног төхөөрөмжийг ашигладаг. Үйлдвэрлэлийн явцад хуванцрыг 280 хэмийн өндөр температурт хайлуулж, олон улсын стандартад нийцсэн хоёрдогч түүхий эд гаргаж авдаг байна. Үйлдвэрийн дэргэдэх лабораторид биотехнологичид хими-физикийн 18 үзүүлэлтийг нарийвчлан шалгадаг бөгөөд 2021 оноос эхлэн импортыг орлох түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ. Ингэхдээ хүнсний зориулалтын саванд тавигдах дотоод зуурамтгай чанар, хорт хавдар үүсгэх нэгдлийн хэмжээг нарийн шалгадаг байна.
Тус үйлдвэрийн менежер Г.Хулан “Манай үйлдвэр жилд 20 мянган тонн хүнсний зориулалтын хуванцар боловсруулах хүчин чадалтай бөгөөд энэ нь Монгол Улсын хэрэгцээг бүрэн хангахуйц хэмжээ юм. Манай үйлдвэр 2021 онд ашиглалтад орсноор өмнө нь 100 хувь импортоор авдаг байсан хуванцар савны түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Мөн улсын хэмжээнд хуванцар хаягдал тээвэрлэх логистикийн нэгдсэн сүлжээг үүсгэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн технологиор олон улсын болон үндэсний стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна” хэмээв.
Иргэдийн оролцоо бодит өөрчлөлтийн эхлэл
Гэвч үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн ашиглахад иргэдийн оролцоо, хэрэглэгчийн дадал хэвшил хамгийн чухал юм. “Хог хаягдалгүй Монгол” ТББ-ын зүгээс үйлдвэрлэгчдийн хариуцлага болон хэрэглэгчдийн ангилан ялгах соёл нь тойрог эдийн засгийн үндэс болохыг онцолж байна. Хэрэв айл өрхүүд хогоо ангилж хэвшвэл байгаль орчныг хамгаалахад бодит хувь нэмэр оруулаад зогсохгүй дахин боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах боломжтой. Олон улсын туршлагаас харахад Швейцар, Швед зэрэг орон хог хаягдлынхаа 50-аас дээш хувийг, тэр дундаа Швейцар улс хуванцар савныхаа 83 хувийг дахин боловсруулж байна.
ШУТИС-ийн багш, дэд профессор Ц.Сонинхишиг “Хуванцар эцэстээ далай тэнгист цутгадаг. Улмаар зэрлэг байгаль, далай тэнгис, хүнсний сүлжээ хуванцарт хамгийн их өртдөг. Ялангуяа гялгар уут, хуванцар савтай бүтээгдэхүүнийг богино долгионы зууханд халаах нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харин ус, ундааны саваар дамжин хуванцар хүний биед шингэх магадлал хамгийн бага байдаг” гэсэн юм.
У.ЦЭЦЭГСҮРЭН