Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байгааг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж буй ч автомашинтайгаа мөсөн дээгүүр зорчиж яваад осолдсон тохиолдол бүртгэгдсээр байна. Энэ он гарснаас хойш улсын хэмжээнд зургаан удаа мөс цөмөрсөн дуудлага бүртгэжээ. Үүнээс Хөвсгөл аймагт дөрөв, Дархан-Уулд нэг, нийслэлийн Багануур дүүрэгт мөн нэг тохиолдол гарсан байна. Тухайлбал, өнгөрсөн сард Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт “Зил-131” загварын автомашин Дээд цагаан нуурын дээгүүр зорчиж явахад мөс цөмөрсний улмаас дотор нь байсан хоёр иргэн живж, нас барсан юм. Мод тээвэрлэж явсан иргэд зам товчлох зорилгоор баталгаагүй газраар зорчиж явахдаа ийн осолджээ.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр энэ сарын 1-ний байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-40 см нэмэгджээ. Гэвч энэ нь олон жилийн дунджаас 5-45 см нимгэн, нуурын толио болон гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг анхааруулав.
Ташрамд, улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 74 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид хоёр иргэний амь аварчээ. Нийт дуудлагын 69 нь объектын гал түймэр, хоёр нь газар хөдлөлт, тав нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байсан гэнэ.
Ч.Цэлмэг