1986 оны нэгдүгээр сарын 28-ны өглөөний 11.38 цаг. Флорида, Кеннедигийн нэрэмжит Сансрын нислэгийн төв. Сая сая америкчууд телевизийн дэлгэцээ ширтэн, амьсгал түгжин хүлээж байлаа. Энэ бол онцгой гэж хэлж болохоор нислэг байв. Учир нь мэргэжлийн сансрын судлаачидтай хамт дунд сургуулийн багш Криста Маколифф хөөрсөн юм. Энэ эмэгтэйг сансраас хичээл зааж, бүхэл бүтэн үеийн урам зоригийг бадраах сайхан ирээдүй хүлээж байв. Их дуу чимээ гаргаж, газар доргиулан “Челленжер” хөлөг хөөрөв. 2000 тонн жинтэй энэ аварга хөлөг удалгүй өндрөө авч, өтгөн цагаан утаа хаяж тод өнгийн цэг болж хувирав.
Үүнээс хойш хэдхэн агшны дараа хөлөг хөөрөөд 73 секунд болтол Флоридагийн тэнгэрт эмгэнэлт явдал тохиосон юм. Хөлгийн араас нүдээ чилээсэн олон сая үзэгч телевизийн дэлгэц ширтэж байтал дэлбэрэлт болох нь тэр. Нүд гялбам хурц шар бөмбөлөг хөлгийг залгиж орхисноо удалгүй утаан хөшиг татаж, хоёр цагаан зам татан салж одов. Удирдах төв учраа олохоо байлаа. Уг нь золгүй явдал болох тэмдэг нислэг эхэлмэгц үүсэж, 59 секунд болоход баруун талын хатуу түлшний хурдасгагчаас галын дөл гарч буй нь тод харагдаж байлаа. Гал түргэн тархаж, 14 километр өндөрт очоод байхад хөлгийн бие бүхэлдээ олон хэсэг болж салжээ. Жолоодлогогүй болсон пуужингууд тэнгэрээр нэг тархаж, хүн ам олонтой суурин газруудыг устгах аюул нүүрлэсэн тул нислэгийн аюулгүй байдал хариуцсан офицерын командаар тэднийг газраас, холын зайнаас устгахаас аргагүй болов. Криста Маколиффыг оролцуулаад долоон хүнтэй баг энэ агшинд хөлгөөс салсан бүхээгтээ байсан ч тэднийг аврах ямар ч найдвар байсангүй. Нислэг эхэлснээс хойших хоёр дахь минутад хөлгийн салж эвдэрсэн хэсгүүд Атлантын далайд унаж байлаа. Энэ өдөр уг нь Америкийн сансар судлалын ялалт, сансрын шинэ эриний эхлэл болох байсан юм.
Энэ нь Рейганы эрин байв. 1969 оноос хойш америкчууд сансарт гол тоглогч, үүрд үүгээрээ үлдэнэ гэдэгт итгэчихсэн байлаа. Энэ амбицын бэлгэ тэмдэг нь олон дахин ашиглах “Space Shuttle”-ийн хөтөлбөр байсан юм. Эдгээр хөлөг бизнесийн, цэргийн, эрдэм шинжилгээний дагуулуудыг тойрог замд гаргаж, олон тонн ачааг сансарт аваачсан байв. Сансар судлаачдын хувьд орон байр нь болж байлаа. “Челленжер”, “Колумбия”, “Атлантис”, “Дискавери” гэх нэрс Грекийн бурхдын нэр шиг сонсогдож байсан, тэгснээ Америкийн шинэ бурхад болж байв. 1984-1986 он “Space Shuttle”-ийн алтан зуун байсан юм. 1986 оны нэгдүгээр сарынх “Челленжер”-ийн 10 дахь нислэг болох байв.
1981 онд “Колумбия”-ийн эхний нислэгийн дараа шахуурга дээр халуун хийн нөлөөгөөр элэгдэл үүссэн байсан ч тайланд энэ эгзэгтэй явдлыг огт хайхралгүй өнгөрөөчихөж. 1984 онд “Дискавери”-д энэ явдал давтагдав. 1985 онд “Челленжер”-ийн долоо дахь нислэгээр элэгдлээс гадна шахуургын цагираг бүр түлэгдсэн байна. Энэ хөлгийг хөөргөхийг “Сансар дахь багш” хөтөлбөрийг санаачилсан Ерөнхийлөгч Рейган биечлэн идэвхтэй дэмжиж байв. Уг санаачилга Америкийн технологийн хүч чадлыг харуулах төдийгүй тус орны иргэн бүр төрөлхийн сансар судлаач, сансрыг эзэмших авьяас чадалтайг батлах ёстой байв.
Ерөнхийлөгч Рональд Рейган урьд нь жү жигчин байж, маш олон кинонд тоглосон тул сурталчилгаа гэж юу болохыг, сайхан кино ямар үүрэг гүйцэтгэдгийг, Америкийн байр байдалд сансар ямар үүрэгтэйг мэддэг байж. “Сансар дахь багш” хөтөлбөр эхэлснийг тэрбээр бүр 1984 онд зарласан байна. Энэ хөтөлбөр сансарт хөөрч буй багш нар өсвөр үеийг байгалийн тодорхой шинжлэх ухаанд сонирхолтой болгох эрхэм зорилготой байв. Америк даяар хөтөлбөрийг дэмжиж, түүнд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 мянган хүсэлтийг шүүгч нар хүлээж авснаас Нью-Хэмпшир мужийн багш 36 настай Криста Маколиффыг сонгосон байв. Түүний араас Америк орон бүхэлдээ харж байлаа. Түүнийг сонгож авсныг 1985 оны долоодугаар сарын 19-нд Дэд Ерөнхийлөгч Жорж Буш зарлав. Криста Маколифф 37 настай байсан юм.
Хөлгийн багийг цэргийн нисгэгч, Агаарын цэргийн хүчний дэд хурандаа, 46 настай Фрэнсис Дик Скоби командалж, 40 настай туршигчнисгэгч, Тэнгисийн цэргийн хүчний ахмад Майк Слит хоёрдугаар нисгэгчээр томилогджээ. Түү ний хувьд эхний нислэг байлаа. Мэргэжилтнүүд дотор 39 настай, туршигч-нисгэгч, Агаарын цэргийн хүчний дэд хурандаа Эллисон Онидзука, 36 настай инженер эмэгтэй Жудит Резник, 35 настай физикч Рональд Макнейр, 41 настай Грегори Жарвис нар багт оржээ.
Хөлгийн нислэгийг техникийн болон цаг агаарын шалтгаанаар нэг бус удаа хойшлуулсан аж. Эхлээд нэгдүгээр сарын 22-нд хөөргөхөөр төлөвлөж байж. Нислэгт бэлтгэх ажил зөрчил маргаангүй, айвуу тайвуу нөхцөлд болж байсан гэж хэлэх аргагүй, гэхдээ энэ нь нууц далд учир юу болж буй нь багийнханд үл мэдэгдэнэ. “Morton Thiokol” компанийн инженер Рожер Божоли болон өөр дөрвөн ч хүн шахуургын цагирагт тохиолдож болох эрсдэлийг шийдэж байж хөлгийг нисгэхийг NASA (Сансрын орон зайг судлах үндэсний зөвлөл)-гийн удирдлагаас нэгдүгээр сарын 28-ны шөнө хүссэн байна. Гэтэл хатуу түлшний хурдасгагчийн менежер Лоуренс Маллой гэгч “Намайг ирэх оны дөрөвдүгээр сард хөлгийг хөөргө гэж та нар хүсээд байгаа юм уу” гэж адарсан байна.
Эцэст нь Божолийн хэлснийг хэн ч хайхраагүй ч хурдасгагчийн шахуурга хэвийн биш байгаа болохоор “Челленжер”-ийг хөөргөхгүй нь гэж тэр ойлгожээ. Сэтгэл судлалын ухаанд “Кассандрын синдром” гэх ойлголт байдаг бөгөөд муу юм болохыг мэдэрсэн хүн үгийг нь бусад хүн хайхрахгүй болохоор аюулыг зайлуулах хүч дутсандаа энэлж шаналж бачуурахыг ийн хэлдэг юм.
1986 оны нэгдүгээр сарын 28. Хөлөг хөөрсөнд догдолсон хүмүүс индэр дээр шуугьж байх зуур хоёр минут өнгөрч, хөлгийн тасарч салсан хэсгүүд хийгээд багийнхны суусан бүхээг Атлантын далайн ёроол руу орж байв. Энэ бүхнийг хүмүүс мэдмэгц сэтгэцийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн тохиолдол олон. Тухайн өдрийн баатар байсан Криста Маколифф нас барлаа. Эцэг, эх нь ер яагаа бол? Охиныхоо хүсэл тэмүүллийг тэд дэмжиж, залбирч байсан шүү дээ. Ийм юм болно гэж хэний санаанд орох билээ. Криста Маколиффын эцэг, эхийг телевизийн зураглаачид харуулав. Тэд индэр дээр байж байна. Нүүрэнд нь “Тэнгэрт утаа гараад ирэх чинь, ингэх ёстой юм болов уу” гэж гайхсан шинж илт. Охин нь хорвоог орхисон, үүнийг тэд мэдээгүй л байв...” Майкл Маллайн бичсэн “Пуужин хөлөглөөд” номд ийн өгүүлсэн байдаг
Энэ ослоор долоон хүн амиа алдав. Багш эмэгтэйг сансарт нисгэхийг багийн ахлагч Фрэнсис Дик Скоби зарчимд тохирохгүй явдал гэж үзэн эсэргүүцэж байсан ч дээд удирдлагынхаа өөдөөс дуугарахыг зөвшөөрдөггүй байлаа. Хожим тодорхой болсноор хоёрдугаар нисгэгч Майк Слит осол болоход цахилгаан тэжээлийг сэргээж, нөхцөл байдлыг хяналтдаа авахыг оролдсон байна. Мэргэжилтэн Эллисон Онидзука 1978 онд судлаач болсон, энэ удаагийн тохиолдлыг олдсон боломж гэж үзэж байж.
1985 онд “Дискавери” хөлгөөр хөөрснөө их замын эхлэл гэдэгт эргэлзэхгүй байжээ. Жудит Резникийг өөд болсных нь дараа Жанна д’Арктай зүйрлэж эхэлсэн байна. Африк гаралтай, физикч Роналд Макнейр 1984 онд “Челленжер”ээр нисэж байсан ч дахин олон нисэхээр зэхэж байсан биз. Грег Жарвис “Hughes Space” компанийн төлөөлөл бөгөөд өөрийнхөө бүтээгдэхүүнүүдийг ажиглахаар урьд нь нисэж байв. Дээр нэрийг нь дурдсан ослыг зайлуулж чадаагүй Рожер Божоли насан туршаа шаналж зовсоор тархи толгойн өвчтэй, нойр муутай болж, 2012 онд хорвоог орхижээ.
“Space Shuttle”-ийн алтан зуун ийн 1986 оны нэгдүгээр сарын 28-нд дуусаж, үүнээс хойш NASA 1984-1985 оны үзүүлэлтдээ дөхөж ч очиж чадсангүй. Жил болгон 20 нислэг хийх тухай ч ярихаа больж. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн ч Майкл Маллейн хэлснээр осол болсноос хойш гурван сар өнгөрөхөд NASA-гаас ер хэнийг ч халсангүй. Харин хөтөлбөрийг 31 сарын хугацаанд түр зогсоожээ. Ийм тохиолдолд “Хэн буруутай вэ” хэмээн асууцгаадаг. “Үүнийг тэр хийсэн” гээд би хэн нэгийг тодорхой хэлж чаддаггүй. NASA-ийн удирдлага Скоби хийгээд бусад зургаан хүнийг хамтад нь л булшилж орхисон”. Майкл Маллайн “Пуужин хөлөглөн” номдоо ийн бичжээ.
Мөрдөн шалгахаар Рейганы зохион байгуулсан комисс ослын үндсэн шалтгааныг шахуургын цагираг ажиллаагүйн улмаас хэмээн албан ёсны дүгнэлтдээ бичсэн байна. NASA дотооддоо шийдвэр гаргах соёл нь, гажилтыг хэвийн болгох практик нь шүүмжлэлд өртжээ. Гэлээ ч бүхий л төвөг бэрхшээлийг шийдэж чадсангүй. 2003 оны хоёрдугаар сарын 1-нд “Колумбия” хөлөг мөн осолдож, бас долоон хүний амь үрэгдэв. “Space Shuttle” хөтөлбөрийг 2011 онд хаалаа. Олон улсын сансрын станцад хүмүүс хүргэх ажлыг Оросын нэг удаа ашиглах сансрын “Союз” хөлөг гүйцэтгэхээр буухиаг хүлээн авчээ.
Р.Жаргалант