“Хулгайчаас болгоомжил, цагдаагийн газар” хэмээн цагаан хоолойгоор тасралтгүй орилох нь олон хүнийг түгшээж, бухимдуулж байна.
“Халаасны хулгайн гэмт хэрэг нь зах, худалдааны төв, үйлчилгээний газар болон хүн ихээр цугларсан үед ихээр үйлдэгддэг. Иймд иргэн та гудамж, талбай, олон нийтийн газар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, гар утас, өөрийн биед байгаа эд, зүйлээ тогтмол шалгаж, хулгайд алдахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна. Халаасны хулгайн гэмт хэргээс урдьчилан сэргийлье” хэмээн цагаан хоолойгоор гэнэт чанга орилоход цочсондоо золтой л цагдаа дуудчихсангүй. Эргэн тойрны хүмүүсээ сэжиглэн гүй харж, халаасаа тэмтэрч үзээд санаа амрав. Ингэхэд “Би хулгайч бил үү, чи хулгайч бил үү” гэж эргэлзэхдээ тулж, хүйтэн төрхтэй нэгнийг нүдээрээ “хайх” зуур бусад хүн ч намайг “хулгайч” гэсэн харцаар харах нь жийрхмээр.
Офицеруудын ордны, “Баянгол” зочид буудлын, МУИС-ийн дэргэдэх автобусны буудал, Улсын их дэлгүүрийн урд талын авто замын гарц зэрэг олон газарт “Хулгайчаас болгоомжил. Цагдаагийн газар” хэмээн цагаан хоолойгоор өглөө, өдөр, үдэш, оройгүй тасралтгүй орилох нь олон хүнийг түгшээж бухимдуулаад багагүй ху гацаа өнгөрлөө. “Улаанбаатар бол хулгайчийн хот юм. Юун найрсаг хот вэ” хэмээн бухимдсан хүмүүс цахим орчинд байр сууриа илэрхийлсээр байна. Харамсалтай нь, иргэнийнхээ үгийг сонсдоггүй төр засаг улам л хяхан боо гдуу лж, амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилж, ардчиллыг уландаа гишгэсээр. Аз жаргал улам алсарсан Улаанбаатарт гэрэл гэгээтэй, сайн сайхан зүйл нэгээхэн бээр үгүй мэт санагдтал, хар бараан мэдээгээ нийтийн талбайд хүртэл хүчээр сонсгох нь ямар гээчийн хар дарсан зүүд вэ. Гадаадын жуулчин олноороо хөлхдөг Улсын их дэлгүүрийн ойролцоо хүртэл ингэж хашхирах хэ рэг бий гэж үү. Улаанбаатар хулгай, дээрэм үүрлэсэн гэмт хэрэгтнүүдийн хот мэтээр зарлан мэдээлж, имижээ бүрдүүлэх нь арай бүдүүлэг байлтай.
Нэг тоо бодож үзье. Улсын хэмжээнд хулгайлах гэмт хэрэг 2024 онд 7626 бүртгэгдсэн бол 2025 онд 7017 болж 609-өөр буурчээ. Эрүүгийн хуулийн 17.1-д заасны дагуу ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих хүртэл ял оноож, хариуцлага тооцдог. Өөрөөр хэлбэл, ингэж зарлан мэдээлсэн, мэдээлээгүй хууль хүчин төгөлдөр үйлчилж, урт гартнууд тохирох шийтгэлээ хүртэж буй. Тэгвэл залилах гэмт хэрэг манай улсад жилээс жилд нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагынхан хэлдэг. Тэр тусмаа техно логи ашигласан залилах гэмт хэрэг ихсэж буй. Өнгөрсөн онд залилах гэмт хэрэг улсын хэ мжээнд 16 906 бүртгэгджээ. Харин 2024 онд энэ төрлийн гэмт хэрэг 15 889 удаа гарсан байна. 2025 онд залилах гэмт хэрэг 6.4 хувь буюу 1017-гоор нэмэгдсэн гэсэн үг. Нэг ёсондоо орон байрт нэвтрэгчид, халаас ухагчид цахим орчинд “амьдрах” болсон. Халаас сэгсрэхийн оронд цахимаар банкны карт хоослох болсныг хууль, шүүхийнхэн ч хэлдэг. Өөрөөр хэлбэл, техник технологийн хөгжлийг дагаад гэмт хэрэгтнүүд хүртэл “ухаалаг” болчхоод байхад сэргийлэх арга хэмжээ нь ийм муйхар, хоцрогдсон байж болох уу
Ажлаа тараад гэр лүүгээ харихаар яарч яваа нэгэн, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, өндөр настан, өвдөж шаналсан гээд түмэн асуудалтай иргэдийг айлгаж, ичээж, түгшүүрт автуулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахын оронд арай өөрийг сэтгээч дээ. Улаанбаатар хот бүхэлдээ гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн, амьд үлдэхийн төлөө даалгавар биелүүлж, нэгнээ хороодог “Squid game” цувралаас дутах юм алга. Монголчууд яг л ийм амин хувиа хичээсэн, ёс суртахуун, ёс зүй гээчийг умартаж, сөрөг мэдээллээр “хооллодог” болчихлоо.
СӨРӨГ МЭДЭЭЛЛИЙГ ХҮМҮҮС ӨӨРТ ТОХИОЛДСОН МЭТЭЭР ХҮЛЭЭЖ АВДАГ
Агаарын бохирдлоороо дэлхийд цоллуулж, үхлийн хөндий хэмээн нэрлэгддэг Улаанбаатар өнөөдөр нэмээд хулгайчдын хот гэх тодотголтой болох нь. Телевиз, цахим хуудас, сонин, сэтгүүл, фэйсбүүк, инстаграм зэрэг сошиал орчин, ер нь хаа сайгүй олон нийтийг түгшээсэн гэмт хэрэг, аллага, хүчирхийллийн мэдээнд “живчихсэн”. Хүүхэд, хөгшидгүй гар утсаараа сөрөг мэдээ мэдээлэл, дүрс бичлэг үзэж, цахимд нэгнээ “цовдолж” байна. ЦЕГ, АТГ зэрэг байгууллага нь хүртэл айдаст автуулсан мессеж илгээх нь цөөнгүй. Хэдийгээр сэрэмжлүүлж буй мэт боловч иргэдийн сэтгэл зүйд ямар хохирол учруулж байгаагаа ер тооцоолдоггүй. Энэ тухай мэргэжлийн хүн юу хэлэх бол. Иргэдийн хувийн орон зай, гудамж, талбай, нийтийн эзэмшлийн газарт хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж, чанга дуу гаар “орилох” нь нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж буйг сэтгэл зүйч Д.Намуунзаяагаас тодруулсан юм. Тэрбээр “Аливаа сөрөг мэдээллийг давтамжтайгаар байнга хүргэх нь нийгэмд түгшүүр, айдас төрүүлдэг. Урьдчилан сэргийлэлт гэхээс илүү өөрт нь тохиолдсон мэтээр хүлээн авч, сэтгэл зүй нь гэмтэж байдаг. Тухайлбал, “Хүүхэд алга боллоо, хулгайлагдсан байна” гэх мэдээллийг олон дахин сонссоноор бодитоор хүлээн авч, энэ нь эргээд хүүхдүүдэд нь айдас, түгшүүр үүсгэдэг. Насанд хүрэгчид ийм мэдээллийг ухамсартайгаар хүлээн авч байна гэж боддог ч айдас, түгшүүр хэдийн үүсчихсэн байдаг. Мэдээлэлд шүүлтүүртэй хандахгүй бол цахим орчинд нийтээрээ цагдаа, шүүгч болчихлоо. Жишээ нь, 16 настай охин амиа алдсан хэргийг мэдэхгүй хүн гэж алга. Бүгдээрээ “Бичлэг үзье” гэцгээж байна. Бид шүүгч биш шүү дээ. Энэ мэт олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөн, нийгмийг цочроосон хэргийг хэт олон сувгаар дахин дахин мэдээлэх нь хүмүүс эрүүл ухаанаа алдахад хүргэх аюултай. Сөрөг мэдээллийг ихээр цацсаар байвал гэмт хэргийг сонирхох, хэрцгий, балмад үйлдэл гаргах, цаашлаад амьдралын чанарт хүртэл нөлөөлдөг.
Автобусны буудлуудад “Халаасны хулгайчаас болгоомжил” хэмээн чанга дуугаар зарлан мэдээлж байгаа нь нэг талаас хүний эрхийг зөрчсөн, сэтгэл зүйд нөлөөлсөн үйлдэл. Ядруу царайтай, тааруу хувцастай хүнийг хулгайч гэж хардаж, сэрдэх нь байна. Хүн хоорондын хүнлэг зан чанар, энэрэнгүй байдлыг үгүйсгэж, уур уцаар, стресс нэмэгдүүлж байгаа хэрэг. Хэн нэгнийг хулгайч гэж цоллохоос илүү “Та өөрөө эд зүйлдээ хянамгай байгаарай, болгоомжтой яваарай” гэх мэтээр арай өөр өнцгөөс сэрэмжлүүлж болно шүү дээ. Ер нь тэгээд манай улсын хүн ам сэтгэл зүйн ямар ч боловсролгүй байна. Ёс суртахуун, нэгнийгээ хүндлэх, энэрэх нь улам хумигдаж, араатнаас дор нэгнээ барьж идэхэд ойрхон болсон нь харамсалтай. Хүүхдүүд эцэг, эх, багш нараа хүндлэхээ больж, аав, ээжүүд ч хүүхдээ буруу эрхлүүлж, хүмүүжүүлснээр өсвөр насанд нь “дийлэхээ” больсон жишээ түгээмэл болжээ” гэв.
ДАЙН ДАЖИНТАЙ УЛС ШИГ АЙДАСТАЙ АМЬДАРМААГҮЙ БАЙНА
Улаанбаатар хотын булан тохой бүрд олон “нүд” нийслэлчүүдийг ширтэж буй. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар гэхэд нийслэлд 2758 хяналтын камер аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчинд шинээр суурилуулжээ. Хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвийг дүүрэг бүрд байгуулж, тэдгээрийн дэд бүтэц, удирдлага, хяналтын систем, программ хангамжийг бий болгосон хэмээн албаныхан ярьдаг. Гэтэл ху лгай, дээ рэм, хүчирхийлэл хамгийн их гардаг гэр хорооллын захад түнэр харанхуй ноёлж, ёлтойх гэрэлгүй, хяналтын камергүй байдаг. Нохой шуугиулж, бүрэнхийд харьдаг хүүхэд, эмэгтэйчүүд гэмт хэрэгтнүүдийн хотод амьдардаггүй юм байх. Хиймэл оюуны тусламжтайгаар замын хөдөлгөөний зөрчлийг шуурхай илрүүлснээр, ачаалал буурч, жолооч нар дүрмээ ягштал биелүүлдэг болсон нь хотын даргын минь ач хэмээн ярих боллоо. Үүний ачаар Х.Нямбаатарын нэр хүнд огцом өссөн гэх. Энэ байдлаараа бол тэр олон камер нийслэлчүүдийн үйлдэл бүрийг бичиж, хулгайчийг гишгэх газаргүй болгож баймаар. Гэтэл энэ нь багадаад цагаан хоолойгоор орилж, иргэдийг айлгаж, ичээж байгаагаас үзэхэд өнөөх олон “нүд”-ний хараа муудсан бололтой. Цахилгаан тасрахад гудамжны олон “нүд” “сохрох” тул нэмэлт хүч ашигласан байж мэднэ.
Бусад улс оронд ч хулгайчаас болгоомжлуулсан сэрэмжлүүлэг мэдээлэл цагаан хоолойгоор түгээх нь бий. Гэхдээ аялал жуулчлал ихээхэн хөгжсөн, түм түжигнэж, бум бужигнасан газар л ингэж “орилдог”. Түүнээс автобус хүлээж зогсоо хүүхэд, хөгшдийг хүртэл дарамталмааргүй байна. Европын орнуудад бол дэлгэцэн зар, самбар, гар утасны анхааруулга, цагдаагийн эргүүлээр асуудлыг шийддэг гэнэ лээ. Тэрнээс сэтгэл сэргээж, урам хайрлах сайхан мэдээ дуулгаж буй мэтээр, нэг бол “Болор цом”-д шүлэг уншиж байгаа адилаар гэмт хэрийн сэрэмжлүүлгийг уянгалуулан хэлдэг нь хэд бол. Бүр сүүлдээ, энэ хоолойд нь дасаад хулгайчаас сэрэмжлэх бүү хэл, ангайж байгаад гар утсаа алдаж мэдэх нь. Ямар сайндаа “Хулгай бол байдаг л зүйл, хулгайч хаа сайгүй явж байхад юундаа ч айх билээ” гэсэн шүү юм бодож зогсох вэ.
Цагаан хоолойгоор сүр болгож зарласан, зарлаагүй олон хүн цугласан газар хулгай, дээрэм, элдэв маргаан, асуудал үүсдэгийг мэдэхгүй хүн үгүй биз. Хохирвол хамгаалах шударга шүүхтэй байхыг иргэд хүсдэг болохоос байнгын ийм айдас түгшүүртэй амьдрахыг лав биш. Ингэж орилж, иргэдийн тэвчээрийг шалгаж, чих амраахгүй, түгшүүр үүсгэж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ. Хотын чимээ шуугиан, түгжрэл, стресс дээр улам дарамт учруулж, нийгмийг айдаст автуулахаа одоо больж үз. Хулгай, дээрэм онцгой аюулын хэмжээнд хүрчхээгүй л бол дайн дажинтай улс шиг айдастай амьдармаагүй байна.