Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хурал уржигдар болж, даргаараа Ж.Дэлгэрсайханыг сонгосон байна. Тэрбээр ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 1996 оноос СЭЗИС-ийн багшаар 30 дахь жилдээ ажиллаж буй, дэд профессор хүн юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тус зөвлөлийн гишүүд дотроосоо даргаа тодруулж, хоёр жилийн хугацаатай сонгодог. Зөвлөл нийт долоон гишүүнтэй ажилладаг аж. УИХ-аас уг зөвлөлийг байгуулдаг ч хараат бус, бие даасан зарчмаар ажилладаг, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэнээрээ онцлог. Тэд Монгол Улсын төсвийн бодлого урт хугацаанд тогтвортой, сахилга баттай, ил тод байхад хяналт тавих үүрэгтэй. Засгийн газраас улсын төсвийг хэт популист байдлаар боловсруулсан, үгүйг хянаж, мэргэжлийн дүн шинжилгээ хийн, дүгнэлт гаргадаг гэсэн үг. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг өнгөрсөн хоёр жилд эдийн засагч Н.Энхбаяр удирдсан бөгөөд ийнхүү түүний бүрэн эрхийн хугацаа дууссан байна.
С.Уул