Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал уул уурхайн салбарын хөгжил, нүүрсний экспортоос илүүтэй асар хурдацтай хайлж буй мөсөн голуудаас хамаарахыг НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) сануулав. Учир нь манай орны гадаргын агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн суурь түвшнээс 2.3 хэмээр өссөн нь дэлхийн дунджаас даруй 1.3 градусаар өндөр үзүүлэлт болохыг Дэлхийн банкны удаах судалгаа харуулж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй нэрвэгдэж буй энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 орчим хувийг бүрдүүлдэг уулсын мөсөн голуудын хэмжээ илт багасах болсон бөгөөд хойд болон баруун бүсийн аймгуудаар цаашид агаарын хэм эрс нэмэгдэх гэнэ. Манай орны тэгш өндөрлөг дэх гүний усны нөөц жилд ойролцоогоор гурван мм-ээр багасаж буй нь ч мөсөн голууд хурдацтай хайлж байгаатай холбоотой. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй, цаашид ч нүүрс зэрэг шатах түлш ашигласан хэвээр байвал 2100 он гэхэд дэлхийн дулаарал Монголд найман хувьд хүрэх эрсдэлтэйг анхааруулжээ.
Усны нөөц ийнхүү буурах нь манай улсын эдийн засгийн цохилох зүрх болсон уул уурхай, хөдөө аж ахуй, усалгаатай газар тариалан болон эрчимжсэн мал аж ахуйн салбарт хүнд цохилт болохоос гадна усан цахилгаан станцуудын тогтвортой үйл ажиллагаанд шууд нөлөөлөх учраас одооноос анхаарах шаардлагатай гэж дээрх судалгаанд онцолсон байна.
Г.Сансар